Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын "Газпром" НХН удирдлагатай өчигдөр цахимаар хуралдаж, "Байгалийн хийн хоолойн" төслийн ТЭЗҮ-ийн асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ энэ оны эхний улиралд буюу гуравдугаар сард багтаан бэлэн болгоно гэж "Газпром”-ын захирал Алексей Миллер мэдэгдсэн байна. ТЭЗҮ-ийг бэлэн болгох ажлыг эрчимжүүлэхээр талууд тохирлоо гэсэн мэдээллийг Шадар сайд С.Амарсайхан өгч байна.
Сануулахад, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах үүрэг бүхий ОХУ-ын “Газпром” НХН-ийн харьяа, тусгай зориулалтын “Газопровод союз восток” компанийг манай улсын Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, үйл ажиллагаа нь эхлээд явж буй.
“Сибирийн хүч-2” хийн хоолой Монгол Улсын газар нутаг дээгүүр 1000 орчим км үргэлжлэх бөгөөд барилгын үед 3700 орчим хүн ажиллаж, ашиглалтын явцад 1300 гаруй хүн байнгын, 5000 гаруй хүн дам ажлын байртай болж, жилд 1 тэрбум ам.доллар олох боломжийг бий болгоно” гэсэн мэдээллийг “Эрдэнэс Монгол” компаниас өгч буй юм.