Цэл залуухан ч ардын дуу тууштай дуулж, залууст хүргэхэд анхаарч орчин үеийн хэв маягт оруулж, ардын дууны үүх түүхийг олон нийтэд сурталчилж яваа бүсгүй бол Б.Батцэцэглэн. Соёлын өвийн тээгч, түгээгч түүнийг ТЭР буландаа урьж цөөн хором ярилцлаа.
Урилгыг минь хүлээн авч, ярилцахаар ирсэнд баярлалаа. Өөрийгөө танилцуулаач?
Намайг Батсайханы Батцэцэглэн гэдэг. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат. Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин. Ардын, уртын дуу дуулдаг.
Нас залуу атлаа ардын, уртын дуу дуулдаг олонд танигдсан хүмүүс цөөхөн шүү дээ. Энэ чиглэлээр тууштай явахад амаргүй санагддаг?
Ер нь бол тийм. Ардын урлагаар уран бүтээлээ туурвиад, тууштай үнэнч явах, мэргэжлээ гаршуулах амаргүй. Уртын дууч болно гэдэг маш олон шалгуурыг давах шаардлагатай. Миний өссөн орчин намайг дуучин болоход нөлөөлсөн гэж боддог. Ардын, уртын дуугаар овоглохоос өмнө өөр олон төрлөөр дуулах сонголт байсан ч тэр болгоныг үгүйсгэж тууштай явсаар байна даа.
Таны хувьд ардын дуундаа дурласан, хайртай хүн шиг харагддаг. Жишээ нь ардын уламжлалт соёлыг судалж түүнийгээ олон нийтэд таниулах ажлыг хийдэг.
Ардын дуу болгон үүссэн домог, түүхтэй. Зохиолын дуу ч мөн адил. Гэхдээ зохиосон хүнийх нь нэрийг мэдэж байгаа учраас зохиолын дуу гэж нэрлэдэг. Ардын дуу ч мөн адил тухайн үедээ зохиогчтой байсан. Он цагийн уртад дууны зохиогч нь мартагдаж улмаар ардын дуу гэж нэрлэж буй. Ардын дууг миний үеийн болон залуус дүү нар маань сонсдог байгаасай гэж хүсдэг. Тиймээс дууныхаа хөгжмийг залуусын сонирхолтой ойртуулах гэж эрмэлздэг юм.
Марко Поло кинонд уртын дуу дуулсан, гаднын уран бүтээлчидтэй хэрхэн хамтарсан талаар?
2015 онд Марко Поло киноны хоёрдугаар бүлгийн нэгдүгээр ангид Хубилай хааны өргөө дэх найранд Монгол ардын уртын дуу “Зээргэнтийн шил” гэх дууг дуулсан. Энэ бол уран бүтээлчийн хувьд хамгийн олзуурхууштай зүйл болсон. Энэхүү үйл явдалд оролцсоноор дэлхийн хэмжээний уран бүтээл хэрхэн явагддаг, уран бүтээлчтэй хүмүүс яаж харьцдаг, би өөрөө тэдний өмнө ямар үүрэг хүлээх ёстой, түүнийхээ хариуд ямар хандалт авдаг гэдгийг харсан. Миний хувьд өөрийнхөө мэдлэгийг нэмэх шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон доо.
Таны “Солонго” дууны хувьд гитартай дуулсан нь шинэлэг болсон. Ардын дуу гитартай их сайхан хосолж байсан шүү. Ардын дууг заавал уламжлалт хөгжмийн зэмсэгтэй дуулах шаардлагагүй гэдгийг харуулсан?
“Солонго” бол үзэмчин ардын дуу. Гитарчин Даваасүрэн ахтайгаа хамтран уран бүтээлээ хийсэн. Энэ дуу бол шууд амьдаар дуулагдсан. Даваасүрэн ах маань энэ дууны аяыг сайн мэддэггүй байсан. Нэг өдөр ахын студид очоод би өөрөө санал тавьсан. Хоёр удаа аялж үзээд л бичүүлсэн юм. Миний дуунуудаас хамгийн богино хугацаанд бүтсэн дуу. Тийм ч учраас тухайн үеийн сэтгэл хөдлөл шингэсэн бүтээл гэж хэлмээр байна.
Дууны утгын хувьд хосуудын хайр сэтгэл, хүлээлтийг илэрхийлсэн мэт?
Ардын дуу бол тухайн үеийн нийгмийн амьдралыг тэг чигт нь харуулж чаддаг. Тэр үед гэрлэхээр шийдсэн хосууд найр хурим, гэр ахуйгаа бэлдэхдээ хүрээ рүү явдаг байж. Нэлээн хол замыг ачаа хөсөгтэй тэмээгээр туулна. Тиймээс багагүй хугацаа шаарддаг. Нөхрөө замд гарсны дараа догдлоод хүлээж буй эмэгтэйн тухай дуу. Жишээ нь “Хурдан яваад ирээсэй гэж хүсээд байна, хувиа нийлүүлж амьдарлаа зохиохыг яараад байна” гэсэн байдаг.
Ардын дуу дуулах техник гэж байдаг байх. Өнгө дээшээ доошоо салгах гэх мэт. Хэр баргийн хүн дуурайж чадахааргүй зүйл байдаг юм шиг?
Ёстой үнэн. Тэр техникийг эзэмшиж байж өөртөө болон хүнд маш ойлгомжтойгоор дуугаа хүргэх боломжтой гэж боддог. Ардын, уртын дуу дуулахад ерөнхийдөө төстэй. Гэвч ардын дуу бол амьсгаа амны хайрцаг зэрэг нь өөр өөр байдаг. Жишээлбэл дээр дурдсан Солонго дууг нэлээн наана авчирч дуулна гэх мэт. Дуу болгон дээр сайн ажиллаж байж тухайн дууны онцлогийг харуулна.
Цагаан сарыг өнгөрсөн жил ковидоос үүдэн цомхон тэмдэглэсэн. Энэ жил мөн адил тэмдэглэхгүй байх талаар ЗГ-аас мэдэгдлээ. Нэг талаас энэ нь зүйтэй хэдий ч нөгөө талдаа цагаан сар бол бидний соёлын нэг хэсэг шүү дээ. Цагаан сарыг яагаад тэмдэглэх ёстой, ямар ач холбогдолтой юм бэ?
Би өөрөө хөдөө өссөн учир цагаан сарын сайн сайхныг харж, мэдэрч өссөн. Тиймээс үндэсний баяруудад маш их дуртай. Дуртай гэхээс илүү эдгээр баяруудыг ном ёсоор нь тэмдэглэж байх сан гэж боддог. Энэ бол бидний үүрэг. Би хүүхдүүдээ цагаан сарын баяр, шинийн нэгний өглөө эрт босох уламжлал, цагаан сарын өмнөх их цэвэрлэгээ хийх, айлууд яаж найрладаг гэдгийг мэдүүлэхгүй өсгөнө гэдэг нь учир дутагдалтай байх гэж боддог. Энэ онцгой үед бол захирамж гарч байна. Гэхдээ үүнээс хойш тэмдэглэх ёстой. Мэдээж хүн хүний бодол өөр байх л даа. Даяаршлын нийгэмд даяаршуулахгүй үлдээх ёстой нэг хэсэг зүйл байх. Түүний нэг хэсэг бол цагаан сарын баяр.
Таныг “Монголжуу төрхтэй, сайхан монгол эмэгтэй” гэж хүмүүс их хэлдэг үү. Тийм үгийг хэр их сонсож байсан бэ. Яг л ардын дуу дуулах ёстой хүний төрх мэт харагддаг шүү?
Тийм үгийг хүмүүс их хэлдэг. “Ёстой нэг монгол төрхтэй” гээд л. Би тэрэнд нь их баярладаг. Учир нь би ээжтэйгээ адилхан, манай ээж бас надтай адил уруул дээрээ мэнгэтэй. Миний охин бас энэ мэнгийг дуурайсан. Удам дамжсан мэнгэ гэх юм уу. Энэ бол миний эцэг эх, өвөг дээдсийн надад өгсөн зүйл. Үүнийг би нэг их гундаачихгүй явах л үүрэгтэй гэж боддог. Хүмүүс сошиалаар ч юм уу сэтгэгдлээ илэрхийлдэг л дээ. Би тэрийг нь уншиж чаддаггүй, эвгүй санагдаад ичээд байдаг.
Ярилцсанд баярлалаа.