Америкийн бизнесмэн, тэрбумтан Илон Маск твиттерээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин рүү хандаж, сүүлийн үед дэлхий дахинд трэнд болж буй Clubhouse олон нийтийн нийгмийн сүлжээнд ярилцахыг урьсан талаар ВВС мэдээллээ.
Тэрбээр твиттер сүлжээн дэх Кремлийн албан ёсны хаяг руу хандаж англи, орос хэл дээр жиргэжээ. "Та надтай хамт Clubhouse дээр ярилцлага хийхийг хүсч байна уу", "Тантай ярих нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно" хэмээн Путин руу хандан жиргэжээ.
Тус жиргээ 150 мянган хүнд таалагдсан бөгөөд Кремлийн зүгээс одоогоор ямар нэгэн хариу хэлээгүй байна.
Clubhouse бол гар утасны аппликейшн. Онлайн хурал, цахим үдэшлэг хийж, текст бичилгүйгээр ярьж болдог, аудио-чат хосолсон олон нийтийн цахим харилцааны хэрэгсэл юм. Хэрэглэгчид уг аппликейшны тусламжтайгаар хүмүүсийн аль нэг сонирхолтой сэдвээр ярилцсан чат, ярилцлагыг сонсож болдог ба шууд дамжуулж буй подкаст сонсож байгаатай төстэй. Сонирхолтой нь уг аппликейшныг ашиглахын тулд зөвхөн уригдах шаардлагатай. Та аль нэг App Store-оос хаяг нээн татах боломжгүй.