Онцгой байдлын ерөнхий газраас Дорнод аймагт болсон газар хөдлөлтийн талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Ёнгор” гэдэг газар хоёрдугаар сарын 14-ний 04:09 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тухайн газарт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээс тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн юм.
Энэ талаар Одон орон геофикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат "2021 оны хоёрдугаар сарын 14-ний үүрээр Дорнод аймгийн Халхгол суманд магнитуд нь 4 хүрсэн хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдөлсөн талбай нь 21 дүгээр талбай юм. Монгол орныг газар хөдлөлийн идэвхжилийн бүсээр нь үнэлэхэд баруун бүсийг өндөр идэвхжилтэй бүс гэж дүгнэдэг. Магнитуд нь 7, 8 хүрсэн газар хөдлөлт нэлээд тохиолдож байсан. Харин зүүн бүсийн аймгууд нь газар хөдлөлийн 5 баллын бүсэд хамаардаг. Гэтэл 2019 он гарснаас хойш, 2020 оноос эхлэн зүүн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байна.
Ийнхүү идэвхжиж буйг судлаач хүний хувьд газар тосны үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй хэмээн үзэж, холбогдох газруудад мэдэгдсэн. Байнгын ажиллагаатай зөвлөл, орон нутгийн удирдлага, газрын тосны чиглэлээр ажиллаж буй байгууллагад мэдэгдсэн.
2020 оноос хойш хүнд мэдрэгдэм газар хөдлөлт 30 удаа тохиолдсон. 2021 он гарснаас хойш хамгийн хүчтэй газар хөдөлсөн нь өнөөдрийнх боллоо.
Газар хөдлөлтийн идэвхжил яагаад нэмэгдэж байгаа талаар таамгууд дэвшүүлсэн. Түүнийгээ батлахын тулд нарийвчлан судлах шаардлагатай байна. Газрын тосны үйл ажиллагаатай холбоотойгоор хүнд мэдрэгдэм, дунд хүчтэйгээр газар хөдөлж байна уу, эсвэл байгалийн өөрийнх нь үзэгдэл үү гэдгийг тогтоох ёстой. Энэ чиглэлийн судалгааг ойрын үед эхлүүлж, тогтоох нь бидний зорилго болоод байна" гэлээ.