ОХУ-ын нийслэл Москва хотод асар их хэмжээний цас орсноос авто замууд хаагдаж, агаарын тээвэр саатжээ. Их цасыг даалгүй байшин барилгын дээвэр нурснаас хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн талаар орон нутгийн сайтууд мэдээлж байна.
Баасан гарагаас эхлэн хоёр хоногийн турш тасралтгүй цас орсноос ийм гамшиг үүсчээ. Хамгийн сүүлд 1973 онд ийм хэмжээний цас Москва хотыг дарж байсныг цаг уурчид мэдээлсэн байна.
Гудамж талбайд цасан уулс бий болж, замын хөдөлгөөнийг удаашруулж, техникийн хүч хэрэглэж байгаа ч их хэмжээний цасыг арилгаж хүчрэхгүй байгаа талаар албаныхан мэдээллээ. Хэдэн цагийн хугацаанд цөөн хэдэн метр урагшилж байгаагаас зарим хүмүүс автомашинаа зам дээр орхиод алхаж эхэлсэн байна.
Агаарын тээвэрт саатал гарснаас Москвагийн нисэх буудлууд зорчигчдоор дүүрчээ. Бямба гарагт цасны зузаан 60 см хүрсэн байна. Онцгой байдлын албаныхан иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, гадуур явах бол модноос хол байхыг анхааруулжээ. Цас цэвэрлэх ажилд 60,000 орчим хүн ажиллаж байгааг Москва хотын захиргаа мэдээлсэн. Тус хотод орж буй цас Ням гарагт зогсох төлөвтэй байгааг цаг уурчид мэдээлжээ.