Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос дараах мэдээллийг өглөө.
Дархан-Уул аймагт хоёр иргэний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Улмаар халдвар илэрсэн хоёр иргэнийг Улаанбаатар хот руу явуулах ажлыг зохион байгуулахаар бэлдэж буй аж.
“Аймаг руу нэвтэрч буй хүмүүсээс түргэвчилсэн шинжилгээг авч, гэрийн тусгаарлалтад байлгаж байгаа. Халдвар авсан хоёр иргэн гэрээсээ огт гараагүй. Халдварын дэглэмийг маш сайн мөрдсөн байсан. Хагалгаанд орсон иргэн байсан учир эрүүл мэндийн байгууллагын хоёр ажилтан гэрт нь очиж боолт хийсэн.
Халдвар илэрсэн иргэдийн ойрын хавьтлын найман иргэнийг тусгаарласан. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн хэрэгжүүлсэн нь бидний ажилд дөхөм болж байна.
Тухайн хоёр иргэн нь гэр бүлийн хоёр иргэн бөгөөд нэг нь Амгалан амаржих газарт хэвтэн эмчлүүлээд энэ сарын 7-ны өдөр Дарханд ирсэн байна. Тэдний долоо дахь хоногийн давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн.
Хоёрдугаар сарын 3–наас хойш Дархан-Уул аймагт хүндэтгэх шалтгаантай 293 иргэн нэвтрээд байна хэмээн тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.