Цар тахлын улмаас хөл хорио тогтоогоод байгаа эдгээр өдрүүдэд тээврийн цагдаагийн алба хаагч бие нь өвдөж хүндэрсэн бяцхан охины амь насыг аварчээ. Хэрвээ хугацаа алдсан бол амь нас нь эрсдэх аюултай байсныг эмч нар хэллээ.
Тодруулбал, өнөөдөр 11:00 цагийн үед 201 пост буюу Home plaza орчимд үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Нямбаяр нь гэрэл дохио зөрчсөн Lexus маркийн жолоочийг зогсоож шалгахад жолооч нь 6 настай охин ухаангүй байна туслаач гээд уйлжээ. Цагдаагийн алба хаагч шуурхай ажиллан албаны автомашинаар цаг алдалгүй охиныг Эх нялхсын яаралтай түргэн тусламжид хүргэж өгч охины амь насыг аварчээ.
Б.Энхбаярын охин зургаан настай, тархиндаа голомттой хаяа унаж таталт өгдөг. Ойрын хэдэн жил биед нь ямар нэгэн зовуургүй байсан ч өнөөдөр охины бие хямарч эмнэлэг рүү яаралтай хүргэх шаардлага гарчээ. Зам дээр зогсох хамгийн эхний цагдаа асуудлыг сонсонгуутаа албаны машинаараа охиныг эмнэлэгт хүргэж өгсөн байна.
"Цагдаад учир байдлаа бүрэн ч тайлбарлаж чадаагүй, хүүхэд хүнд байна гэхэд шууд юу ч асуулгүй тусалсан. Тэр хооронд зам зуур 7-8 пост өнгөрсөн. Хэрвээ тэр болгон дээр би зогсоод учир байдлаа хэлсэн бол цаг алдах байсан. Тэр цагдаа биднийг эх нялхсыг үүдэнд хүргэж өгөн хаалга онгойлгож өгөөд оруулсан. Ямар ч үед хүн учраа хэлээд явахад саад бэрхшээл учирдаггүй ойлголцоход ямар ч хүнтэй учраа олж болдог гэдгийг энэ дашрамд би харсан" хэмээн охины аав ярьжээ. Хэрвээ эмнэлгийн тусламж яаралтай аваагүй бол амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэл байсныг ЭХЭМҮТ-ийн эмч хэлсэн юм.
Албаны ажил дүрэм, журам шаардахаасаа илүүтэй харилцаа, хандлага хамгийн чухал гэдгийг охины аав хэлж байсан.
Цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоогоод байгаа энэ цаг үед үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчдын хүнлэг жишээ олон байна гэдэгт итгэж байна. Цаг алдалгүй түргэн шуурхай ажиллаж бяцхан охины амийг аварсан тээврийн цагдаагийн албаны зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Нямбаярт талархал илэрхийлье.