Коронавирус цар тахлаас үүдэн хөл хорио тогтоосон байгаа эдгээр өдрүүдэд цахим мөрийтэй тоглоом тоглох иргэдийн тоо өсдөг. Тиймдээ ч Өрөг.мн сайт сэрэмжлүүлэг болгон уншигч танд иргэн А-ийн өөрийнх нь хүсэлтийн дагуу дараах ярилцлагыг хүргэж байна. Цахим мөрийтэй тоглоомын талаар ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ У.БОЛОРТУЯА нэвтрүүлгээр АМЬДРАЛ МӨРИЙ БИШ дугаар бэлтгэн хүргэснийг эндээс үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=FGTktRp5fn0
Цахим мөрийтэй тоглоом нь тоглоом биш бөгөөд луйвар юм.
Хэзээнээс эхлэн мөрийтэй тоглосон бэ. Тоглох сэдэл яагаад төрөх болсон талаар?
Энэ тоглоомыг 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн хоёр жил гаран тоглосон. Манай нэг найз 10, 20 мянгаар хаягаа цэнэглээд 60, 70 мянга болгон өсгөж байсан. Тэр үед энэ тоглоомоор мөнгө олж болох юм байна гэсэн сэдэл төрсөн л дөө. Найзууд маань “Нэг цагийн дотор мөнгөө хэд дахин өсгөж болж байна. Амархан шүү дээ. Оролдоод үз” гэхээр сонирхол татсан. Анх надад зааж өгсөн найз маань тоглоомдоо донтоод хоёр өрөө байр, машинаа зараад дампуурсан. Эхлэхдээ 20, 50, 100 мянган төгрөгөөр л тоглодог байлаа. Мөнгөө алдах тоолонд бооцоогоо өсгөдөг. Тэгэхдээ байнга алдахгүй хааяа нэг 200, 300 мянган төгрөг хожно. Шинээр элсэж байгаа хүмүүсийг цаанаас нь олон удаа хожуулдаг. Тэгж байж дахин тоглох сэдэл төрүүлдэг гэх юм уу.
Тоглоом ямар үе шаттай үргэлжилдэг вэ?
Анх овог нэр, иргэний үнэмлэхийн зургаа дарж явуулаад сайтад бүртгүүлж байсан. Хамгийн багадаа 5000 төгрөгөөр цэнэглэдэг. Дээд хэмжээ нь хэд ч байж болно. Тэр сайтад өөрийн хувийн болон дансны мэдээллээ холбодог. Улмаар мөрийтэй тоглоомыг хүлээн зөвшөөрдөг гадны улсын тоглогчтой лайваар холбогдоно. Тоглоомдоо донтоод эхлэхээр ойр дотны мөнгөтэй, боломжийн амьдралтай найзуудаа өөрийн мэдэлгүй уруу татдаг болсон. Амархан аргаар мөнгө олох арга байна гээд л.
Мөрийтэй тоглоомд нийтдээ хэдэн төгрөг алдсан бэ. Санхүүгийн эх үүсвэрээ хаанаас авдаг байсан бэ?
Би хувиараа бизнес эрхэлдэг. Гар утас засдаг, лангуу ажиллуулдаг. Миний тооцоолсноор 30-аад сая төгрөг алдсан. Олон удаа нэг хоёр саяар алдсаар байгаад нийт дүн нь 30 саяд хүрсэн. Эхлээд өөрийнхөө цалингаар тоглодог байсан. Дараа нь өөрийнхөө, хүүхдийнхээ хадгаламжаас мөнгө авсан. Таньж мэддэг ажил хийдэг найзуудаасаа худлаа үнэн хэлж мөнгө авна. Унаж явсан машинаа банк бус санхүүгийн байгууллагад тавьсан. Өөрт байгаа үнэ хүрэх бөгж, гинж, гар утас гэх мэт зүйлсээ ломбардад тавина. Тэр мөнгөө өсгөх гэж ахиад л тоглоно. Ингэж явсаар амьдралынхаа гурван жилийг үр дүнгүй үрсэн. Одоо тэр алдсан мөнгөө эргүүлж олох гээд л банкнаас зээл авчихсан, хүмүүсийн өрийг төлөх гээд зүтгэж байна. Тэр алдсан мөнгийг хэн нэгэн надад зүгээр өгчихгүй. Банкнаас зээл авчихсан учраас хүү нь өсөөд л 30 сая төгрөгөө 70, 80 сая болгож төлж байгаа. Мөрийтэй тоглоомд үрсэн мөнгөө алдсан аргаараа олно гэж хэзээ ч байхгүй.
Тоглоомд донтсон үед таны бие, сэтгэл зүйд ямар өөрчлөлт орсон бэ?
Шөнө нойр хүрэхээ болино, хоол унднаас гарна, хүн юм ярихаар гөлийгөөд суучихна. Мөрийтэй тоглоомчид хоол идэхээ больдог, сэтгэл зүй нь тогтворгүй болдог, утсаа биеэсээ салгахгүй, энэ тэндэхийн буланд очоод тоглоод суучихдаг. Бие физиологийн хувьд асар их өөрчлөлт орсон.
Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан, таныг мөрийтэй тоглож байгааг мэддэг байсан уу?
Нэг хэсэг гэрийнхнээсээ нууцаар тоглодог байсан. Бие сэтгэл зүйд өөрчлөлт орж эхлэхээр эхнэр маань ажигласан байх. Мөрийтэй тоглоомчид “Яаж алдсан, тэр аргаараа олно” гэдэг. Алдсан мөнгөө хэд дахин нэмж олно гээд л улайраад байдаг. Хүн чинь алдсан мөнгөө санадаггүй, олсон мөнгөндөө л урамшаад байдаг юм билээ. Тэр нь мөрийтэй тоглоомчдын голыг зогоогоод байдаг. Мөрийтэй тоглоомчдын ар гэр нь тухайн хүнийг ойлгож, буруу замаас нь гаргах хэрэгтэй. Миний аав ээж, хань минь намайг уучилсан. Маш их сэтгэлийн дэм өгсөн учраас би тэр муухай мөрийтэй тоглоомоос өөрийгөө татаж авсан. Би гурван охины аав. Ахиж хэзээ ч мөрийтэй тоглохгүй. Ханьдаа маш их баярлаж явдаг. Хүнд үед минь намайг хаяж явалгүй, алдааг минь уучилсанд. Хэрвээ таны ойр дотны хэн нэгэн мөрийтэй тоглоом тоглож байвал түүнийг зөв зам руу чиглүүлээрэй. Байнга анхаарал тавьж байгаарай. Өөрөө мэдэж байгаа байлгүй дээ гээд хаячхаж болохгүй шүү.
Тоглохоо болих сэдэл хэзээнээс төрсөн бэ?
Аав ээж, эхнэр хүүхдүүд маань намайг энэ муухай зүйлээс холдоход маш их тус болсон. Хэрвээ би ганц бие байсан бол одоо ч тоглосоор л байх байсан болов уу. Алдаагаа ухамсарлаад тоглохоо больдог нэг хэсэг байна. Гэтэл гэрийнхэндээ болилоо гэж амлачхаад нууцаар тоглодог хүмүүс байдаг. Улам л нууц хэлбэр рүүгээ шилжээд. Тэр хүмүүс хэнийг ч хуураагүй. Зөвхөн өөрийгөө л хуурч байгаа юм. Үнэхээр энэ тоглоомоос татгалзаж чадахгүй бол өөртэйгөө яриад үзээрэй. Үр хүүхдийнхээ идэх талх, өмсөх гутлын мөнгөөр өөрийгөө зугаацуулсаар л байх уу. Мөрийтэй тоглоомоор амьдралаа босгоод, амжилттай явж байгаа хүн хаана ч байхгүй. Мөрий гэдэг чинь муруй гэдэг үгнээс гаралтай гэлцдэг.
Тантай адил тоглоомд донтсон, өөрийгөө хянаж чадахгүй байгаа залуустаа хандаж үг хэлээч?
Мөрийтэй тоглоом тоглож байгаа залуус 300, 500, 1 саяыг алдчихлаа гэсэн мөртөө л тоглоод байдаг. Хэрвээ та өөрөө хүсвэл хэзээ ч өөрийгөө ялан дийлж чадна. Яг өнөөдрөөрөө л зогсчих. Өрийг ажил хийгээд дарж болно. Хэрвээ урсгалаараа яваад байх юм бол нэг л мэдэхэд бүх зүйлээ алдана шүү. Маргаашийн нарыг харахын тулд өөрийгөө ялан дийлээрэй. Та чадна. Чадсан хүний нэг жишээ нь би. Хялбар аргаар мөнгө олох гэж битгий улайраарай. Үнэгүй бяслаг хулганын хавханд л байдаг гэдэг шүү дээ.