Бид сар шинийн баярт зориулсан ТЭР булангийнхаа дугаарт зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэгийг урьж ярилцлаа. Орчин цагт зохиол бичсэн бол хэвлэлийн компанид хэвлүүлээд орхидог үе ард үлдэж, номыг нь уншигчид мөнгөө төлж худалдан авахад сэдэл өгөх ухаалаг маркетинг, тогтвортой тууштай зогсолтгүй шинэ бүтээл туурвих, уран үгсийн цуглуулга болгохгүйн тулд судалгаа, баримт, эрэл хайгуул гээд олон чадвар, олон чимхлүүр ажил орчин цагийн зохиолчоос “шаардах” болсон. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн ном бүр шилдэг борлуулалттай номын эгнээнд “элсэж”, өөрийнх нь үзэл санаа эмэгтэйчүүдийн оюун санаанд мэдлэг бас нөмөр болдог билээ. Учир нь тэр зохиол бүтээлээс гадна эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг юм.
Зохиолч гэдэг таны мэргэжил үү эсвэл сэтгэлийн дуудлагаар хийж эхэлсэн ажил уу?
Зохиолч болно гэж огт бодоогүй. Би бага байхдаа сансрын нисгэгч болно гэж боддог байлаа. Яагаад гэвэл тухайн үед Светлана Савицкая гэх Оросын хоёр дахь сансрын нисгэгч эмэгтэй задгай сансарт гарч байсан. Мэдээж яаж сансрын нисгэгч болох уу сүүлд сэтгүүлч болох мөрөөдөлтэй болж, Эрхүү хотын улсын их сургуульд суралцахаар явсан. Их сайн уншигч зохиолч болдог байж магадгүй. Сургуульд маань сэтгүүл зүйн хичээлийг хэлний хичээлүүдтэй хослуулж заадаг учраас Оросын уран зохиолыг бүр үндсээс нь таван жил судална. Тэр бол миний зохиолч болох хөрс болсон гэж боддог.
Анхны зохиолынхоо талаар?
28 орчим настай байх үед сонирхлоороо “И мэйлээр илгээсэн сарнай” гэж анхны зохиолоо бичсэн. Биднийг бага байхад залууст зориулсан зохиол бага байсан болохоор дурсгалын дэвтэр дээр хайрын түүх бичдэг, зохиомол түүхээр зураг зурж өгдөг байсан. Тэр үед үнэнч хайрын талаар бие биедээ бичиж өгч түүнийгээ уншиж уярдаг байсан. Тийм болохоор и мэйлээр илгээсэн сарнай гэж хайрын түүх бичсэн юм. Дараа нь нөхрийн хамт шар сонин эрхлэн гаргадаг байлаа. Номын дэлгүүр гудамжинд гарчихсан, зохиолчид бүтээлээ хэвлүүлж чаддаггүй хүнд үе. Тиймээс манай сонины уншигч нараас зохиол хэвлүүлэх хүсэлт захиалгаар их ирнэ. Зохиолч нараас зохиол авна гэхээр мөнгө хэрэгтэй, мөн бичсэн зохиолууд нь надад таалагддаггүй байсан юм. Тиймээс “Хулан” гэж өсвөр насныханд зориулсан тууж бичсэнээр уран зохиолын замнал маань эхэлсэн.
Зохиолч гэхээр л хүмүүс толгойд орсноо шууд буулгачихдаг амархан ажил мэт боддог. Гэтэл судалгаа, баримт хайдаг. Эрэл хайгуулч ажил. Мөн их хөдөлмөр, тэвчээр шаардсан нарийн зүйл шиг анзаарагддаг. Зохиолчийн ажлын тухайд?
Уран зохиол ч бай ер нь бүх салбарын ажлыг зөвхөн унаган авьяасаар хийдэг үе 19 дүгээр зуунд дуусчихсан шүү дээ. Монголд кино хийнэ, зохиол бичнэ гэдэг тийм ч амархан байхаа больсон. Маш их судалгаа хэрэгтэй. Учир нь дэлхий алган дээр багтдаг болсон. Уншигчид аль хэдийнэ дэлхийн алдартай зохиолуудыг сонирхож уншаад эхэлчихсэн байгаа. Тийм учраас монгол гэдэг ганцхан нэрээр дулдуйдан уншигчдаа татах боломжгүй. Дууг бол ямар ч зөвшөөрөл хэрэггүй сонсож болдог. Харин бичсэн номоо зарж бусдад уншуулна гэдэг тийм ч амархан биш. Өнөөдөр ном уншихад цаг гаргадаг хүн хэд билээ. Уншигч сөхөж үзээд чулуудчихдаг ном бичихгүйн тулд өгөөжтэй байх ёстой болж байна. Жишээлбэл эхний 16 хуудас маш сонирхолтой, анхаарал татахуйц байх ёстой гэж барууны хэвлэлийн газрууд үздэг. Уншигчийн сонирхол хэзээ ч буурах магадлалтай тул маш хэцүү. Өөрийн улсын номын дэлгүүрт дэлхийн бүтээлүүдтэй өрсөлддөг. Тиймээс их уншиж, сайн бичихгүй бол тийм амар биш. Арваад жилийн өмнө “Ану хатан”-г бичиж байх үед Монголд роман бичдэг зохиолч маш ховор байлаа. Гэтэл өнөөдөр маш олон зохиолчтой болсон учраас улам л өрсөлдөөнтэй болж байна. Өөрийнхөө хоёр дахь зохиолыг кино болгох гээд хүлээж байгаа.
Уншигч, хэрэглэгчдийн сэтгэлгээ тэлсэн байх?
Тэгэлгүй яах вэ. Дэлхийн шилдэг зохиолуудыг эх хэл дээрээ уншиж байна шүү дээ. Одоо Мон судар хэвлэлийн газар Барак Обамагийн намтрыг орчуулж байна, удахгүй хэвлэгдэж гарна. Дэлхийн бүх хүн Обамаг ямар ерөнхийлөгч байсан бэ гэдгийг мэдэж байгаа. Обамагийн намтартай хамт Шүүдэрцэцэгийн ном байвал уншигчид Обамагийн номыг л авна шүү дээ. Тиймээс яавал миний номыг авах вэ гэдгийг бодох хэрэгтэй.
Гэсэн хэдий ч таны маш олон ном бестселлер болж байсан. Тэр тусмаа Ану хатан кино бол үзэгчдийг байлдан дагуулсан. Одоо ч хүмүүс уншиж л байгаа харагддаг?
Монголчууд хамгийн уйдамхай хүмүүс шүү дээ. Өчигдөрхөн хайрлаж шүтэж байсан хүнээ өнөөдөр шившгийн самбарт хадахад бэлэн байдаг. Тийм нөхцөлд 20 жил тэсвэрлэнэ гэдэг амаргүй байлаа.
Үзэгчдийн зүгээс таныг үргэлжийн залуу, өөрийгөө сайхан авч явдаг гэдэг. Гоо сайхныхаа “нууцын” талаар хуваалцаач?
Гоё байна гэдэг бол зөвхөн эмэгтэй хүний хүсэл биш. Залуучууд ч мөн адил гоё сайхан байх гэж хичээдэг болсон. Тиймээс гоё байна гэдэг бол аз жаргалын нэг хэмжүүр, өөртөө итгэх итгэлийн шалтгаан шүү дээ. Гэхдээ миний хувьд гоё байхын тулд өдөр болгон хичээж хөдөлмөрлөдөг хүн биш. Сая хэлсэнчлэн томоохон романуудаа бичиж байх үед их төвлөрч, бичиж байгаа цаг үерүүгээ орж амьдардаг. Юун өөрийгөө гоё байлгах. / инээв/ Гэхдээ олны дунд өөртөө таалагдах их дуртай. Солонгосчууд 25 наснаас эхэлж арьсаа арчилдаг гэнэ. Миний хувьд монголчууд 40 наснаас эхэлж анхаардаг юм уу даа. Би сүүлийн үед Японы коллеген ууж байгаа. Өнгөрсөн жил Солонгост байдаг уншигч маань синдрелла гэдэг тариаг курсээр нь явуулсан. Тэр тариа нь элэгний тэжээл, өндөр тунтай C амин дэмээс бүрддэг юм байна. Хүн гоё байна гэдэг бол ерөөсөө эрүүл мэнд юм. Монголчуудын иддэг хурц хоол, хүйтэн уур амьсгалаас үүдэн элэг мууддаг. Элэг муудахаар мэдээж хүн харлана. Тэр тариаг яагаад цасан цагаан гэдгийг тэр үед ойлгосон. Химийн аргаар цайруулдаггүй, элгэнд тэжээл өгөхөөр арьс цагаардаг юм байна лээ. Хүн дотроосоо шаардлагатай зүйлсээ ууж, сэтгэл санаа нь өөдрөг байх тусмаа гоё байдаг гэж ойлгосон. Хоёр хоногийн өмнө 50 хүрсэн. Гэхдээ насны тухай бодох дургүй. Хүн төрснөөсөө үхэх хүртэл мэдээж секунд тутам хөгширнө. Харин тэр тухай бодох хэрэггүй. Төрсөн өдрөө дандаа 25 гэсэн лаатай тэмдэглэдэг. / инээв/ Ирэх эмэгтэйчүүдийн баяраар өөрийн хамгийн их хүндэлж явдаг 21 эмэгтэйн намтраар ном гаргах гэж байгаа. Тэр номд 90 настай модель эмэгтэйн талаар бичиж байгаа юм. Өнгөрсөн жил 89 насандаа “New York fashion show 2020”-д оролцсон. 16, 18, 20 настай үзэсгэлэнт моделиудыг тэргүүлээд алхаж байгаа юм. Би эрэгтэйчүүд зонхилдог салбарт амжилт гаргасан эмэгтэйчүүдийг шүтдэг. Тэр хүний гоо сайхны нууц бол өглөө босоод хар кофе нимбэгний шүүс уудаг. Нимбэгний шүүс бол хамгийн өндөр агууламжтай C амин дэм.
Та гурван охинтой. Тэднийг ажиглаад байхад өөрсдийн ертөнцийг олсон, биеэ даасан хүмүүс шиг. Мөн танайх их нээлттэй ардчилсан гэр бүл шиг санагддаг юм?
Монголчууд дорнын соёлтой ард түмэн учраас хүн бүрийн хүүхдээ хүмүүжүүлэх арга өөр л дөө. Манай гэр бүлийн хүн бид хоёрын хувьд их биеэ даасан хүмүүс. Хэн нэгнийхээ үзэл бодол, ажилд нь оролцох дургүй. Эр хүн бол 2000 жилийн соёл иргэншлийн турш тийм байсан. Өнөөгийн Монголд байгаа миний дургүй нэг зүйл бол эмэгтэй хүнийг эр хүний дагавар байлгах гэдэг асуудал. Миний нөхөр сайн болохоор би ингэж яваад байгаа юм биш. Манай гэр бүлийн хувьд биеэ даасан хүмүүс учраас бие биенийхээ асуудалд оролцохгүй байхаас өөр аргагүй. Тийм ч учраас өөрсдийн амьдралдаа хоёр талын аав ээжийгээ ч оруулж байгаагүй. Манай гэр бүл хэнийг ч амьдралдаа оруулдаггүй байсан учраас энэ нь хүүхдүүдийн минь хүмүүжилд сайнаар нөлөөлсөн болов уу гэж боддог. Тэр тусмаа охин хүүхдийг хүний далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явдаг хүмүүс битгий байгаасай гэж хүсдэг. Зовсон ч, жаргасан ч өөрсдийн дураар амьдраг гэж боддог юм. Алтан торонд орсон болжмор гэдэг шиг хэчнээн сайн эр байсан ч нөмөрт нь орж битгий амьдраасай. Би энэ хүмүүжлийг багаас нь суулгасан. Эмэгтэй хүн амьдралаа нуруун дээрээ үүрч явах үнэхээр хэцүү л дээ. Гэхдээ заавал хүчтэй эр хүний ард байж, жаргасан ч хүний эрхээр битгий жаргаасай гэж боддог. Энэ нь зарим хүмүүст таалагдахгүй ч байж магадгүй. Нөхөр бид хоёр хүүхдүүдээ хувь заяаныхаа эзэн нь байг л гэж боддог. Тэгээд ч шинэ эриний хүүхдүүд бол тийм ч амархан эцэг эхийн дарамтад орохгүй гэдэг нь анзаарагддаг. Ээжийн сургаал л гээд байдаг. Надад яг үнэндээ охиддоо сургах зүйл олддоггүй юм. Харин ч хоёр бага охин маань надад заах үе бий. Сошиал орчинд хэрхэн харилцах, биеэ авч явах тал дээр зөвлөж тусалдаг. Би тэднээс суралцдаг, амьдралын туршлагыг бол тэд өөрсдөө олж авна. Аль болох өөрсдийнх нь эрхээр байлгахыг хүсдэг. Яагаад гэвэл амьдрал өөрөө маш хатуу. Хүний заавраар яваад амьдралын саадыг давж чадахгүй. Тиймээс охидууд үргэлж зоригтой байгаасай. Эрчүүдийг бие даасан байхыг нийгэм угаасаа хүлээн зөвшөөрдөг. Охидод бага наснаас нь чи хүнтэй сууна, аяга угаана гэсэн бодлыг суулгачихвал би хүний аяга л угаах ёстой юм байна гэсэн үзэлтэй болно. Манайх охидынхоо өрөөг нь заваан байхад цэвэрлэ гэж шаарддаггүй. Дургүй байгаа хүн байвал уучлаарай. Гэхдээ сэтгэл зүйн номоос уншихад охин ч бай, хүү ч бай өсвөр насандаа эмх замбараагүйн дундаас өөрийгөө олдог гэж байсан. Хэт эмх замбараатай өсвөр насны хүүхдэд сэтгэл зүйн асуудал байдаг гэнэ. Хэтэрхий их цэргийн хуаран шиг дүрэм журамд баригдах нь тухайн хүүхдийн чөлөөтэй сэтгэхэд төвөг болох байх гэж боддог.
Та бид хоёрын ярилцлага сар шинийн өдрөөр олонд хүрнэ. Бид цагаан сарын баярыг яагаад тэмдэглэх ёстой юм бэ гэдгийг хэлж өгвөл.
Цагаан сар бол Монголын соёл уламжлалын нэг хэлбэр. Дэлхийн томоохон үндэстнүүдэд өөрсдийн гэсэн баяр байдаг. Тухайн үндэстэн хөгжих тусам тэмдэглэлт баяр нь дэлхийн нийтэд түгдэг. Тиймээс цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэх ёстой. Арай жоохон орчин үетэйгээ хөл нийлүүлэх л хэрэгтэй. Жишээлбэл Хятадууд цагаан сараараа зургаан сая орчим жуулчин хүлээн авдаг гэсэн. Манай улс гэр дотроосоо гаргаж илүү энтертаймент болгох шаардлагатай. Монгол улсын цагаан сарыг үзэхээр ирсэн жуулчдад юу үзүүлэх юм. Гэртээ ууж идэж байгаагаа харуулах юм уу. Тиймээс зан үйлээ улам хөгжүүлж авч явах ёстой гэж боддог. Ирж буй цагаагчин үхэр жилийн цагаан сарыг гэртээ соёл уламжлалаа судлаж өнгөрөөх хэрэгтэй. Би бол цагаан сард дуртай.
Та хоёр дахь удаагаа зохиолоороо кино бүтээж буй. Одоо хийж буй киноныхоо тухай яриач.
Хотол цагаан гүнж гэж Юань гүрний үед амьдарч байсан Өгэдэй хааны угсаа Хайду хааны охин. Бөх гүнж гэж түүх домогт үлдсэн бөгөөд дэлхийн түүх сонирхогчдын хамгийн сайн мэддэг монгол эмэгтэй. Энэхүү киноны маань төсөл 2016 онд эхэлсэн. Улмаар киноны зураг 2020 оны зун, намрын зураг аваад завсарлачихсан байгаа. Энэ жил хавар, өвлийн зургаа аваад ирэх зун дайн тулаантай үндсэн хэсгээ авна. 2021 оны эцсээр буюу арван нэгдүгээр сард томоохон хэмжээний нээлт хийх төлөвлөгөөтэй байна. Түүхэнд бөх гүнж гэж үлдсэн хэдий ч кинонд заавал бядтай харагдах хүн авах шаардлагагүй. Хоёрдугаарт жүжиглэлт нь барилдахаасаа хэд дахин илүү чухал учраас мэргэжлийн жүжигчин сонгосон. Манай киноны гол дүр Мөнхбатын Цэрэндолгор бол соёл урлагийн их сургууль, Бээжингийн урлагийн академи, оросын театр урлагийн дээд сургууль гэх зэрэг хэд хэдэн сургууль төгссөн мэргэжилдээ их сайн жүжигчин. Түүний сацуу нэг онцолмоор зүйл нь тулааны урлаг буюу тайзны хөдөлгөөнөөр шалгаруулалтад орсон бүх хүнээс сайн байсан.
/жүжигчин М.Цэрэндолгор/
Ану хатан киноноос хойш нэлээн туршлага суусан байх?
Ану хатан кино бол олон улсын зах зээлд гишгэж чадсан. Америкийн кино худалдааны аварга компани худалдаж авсан. Тэндэхийн кино худалдаачид түүхэн драм битгий хийгээрэй, тулаант кино хийгээрэй гэж зөвлөсөн юм. Тиймээс хотол цагаан гүнж киног тулаант, адил явдалт төрлөөр хийж байгаа. Дэлхийн үзэгчдийн дийлэнх нь залуу үеийнхэн байдаг учраас намтарчилсан байдал сонирхол татахгүй юм байна лээ. Монголд ч мөн адил театрт 35-аас доош насныхан кино үздэг учраас тэдэнд зориулсан, сонирхол татахуйц зүйл хийхийг зорьж байна.