Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цагдаагийн ерөнхий газар, Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа.
Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан. Ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн нэр бүхий 14 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын 9000 орчим автомашин л хөдөлгөөнд оролцож байна. Иргэдтэй харьцах харилцаандаа анхаарахыг алба хаагч нартаа сануулахыг Ерөнхий сайд удирдлагуудад нь үүрэг болголоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Иргэддээ баярлалаа гэж хэлмээр байна. Цагаан сарын шинийн 1-нд бид цагдаагийн байгууллага дээр очиж камерын шүүлт хийж үзлээ. Хөдөлгөөн анх удаа 98 хувьтай зогссон байна. 9000 машин явж байгаа нь дандаа зөвшөөрсөн машинууд байна. Гэр хороолол, хотын уулзварууд 98 хувийн зогсолт хийгдсэн байна гэдэг нь өмнө нь гарч байгаагүй үзүүлэлт. Тэр дундаа сар шинийн нэгэнд ийм идэвхтэй байна гэдэг нь маш чухал" хэмээн онцоллоо.