Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд өчигдөр 30,468 хүнд шинжилгээ хийхэд 40 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 40 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрээс нэг тохиолдол нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүн байна. Тус нислэгээр нийт 157 хүн ирсэн.
Бусад 39 тохиолдол нь Улаанаатар хотод өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсээс илэрсэн.
Сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2247 болсон бол үүнээс 1640 тохиолдол эдгэрсэн. Коронавирусийн халдвар авсны улмаас 582 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилан үзвэл:
- хөнгөн 494
- хүндэвтэр 84
- хүнд 3
- маш хүнд 1 хүн байна.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд 45,351 хүний сорьцыг цуглуулсан. Үүнээс 29,664 хүний шинжилгээний хариу гараад байгаа бөгөөд эдгээрээс одоогоор халдвар илрээгүй байна" гэв.