Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар 13 чиглэлд 159 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой үүссэн асуудалтай холбоотойгоор тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоогүй болохыг онцлов.
Хотын дарга Д.СУМЪЯАБАЗАР "Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 41.600 хүн шинжилгээнд хамрагдсан байна. Ер нь хөл хорионы дэглэмд шилжсэнтэй холбоотойгоор нэгдсэн мэдээлэлтэй ажилламаар байна. Өглөөнөөс оройн 16:00 цаг хүртэл иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дийлэнх нь, “нэг хаалга нэг шинжилгээ”-тэй холбоотой гомдол мэдээлэл, тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байгаа талаар 259 дуудлага ирсэн байна. Улаанбаатар хот найрсаг хот байх ёстой. Цагдаагийн алба хаагчдын иргэдтэй харьцаж байгаа зүйлд асуудал байна. Хүнсний дэлгүүрүүд ажиллах цагийн хуваарийг асууж, санал хүсэлтүүд их ирсэн. Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагуудын тээврийн хэрэгсэлийг зорчуулахгүй байгааг цагдаагийн алба хаагчдад хэлж залруулах хэрэгтэй. Дээрээс ингэж хэлсэн гээд зогсч байгааг ойлгохгүй байна. Нэг хаалга-Нэг шинжилгээний хуваарь байршил, архи согтууруулах ундаа зарах эсэх асуудлаар иргэдээс дуудлага олон ирсэн. Согтууруулах ундаа хориглосон асуудал байхгүй. Архи согтууруулах ундааг хориглосноор далд бизнес хөгжснийг өнгөрсөн хугацаанд харсан" гэлээ.