Дэлхийн хоёр дахь хамгийн хөгшин хүн, хамгийн хөгшин гэлэнмаа Францын иргэн Люсил Рандон цар тахлын халдвар авсан ч 117 насны төрсөн өдрийнхөө өмнөхөн өвчнөө ялж, бүрэн эдгэрчээ. Систер Андри нэрээрээ илүү олон хүнд танигдсан тэрбээр Тулон хотын ойролцоох ахмадын асрамжийн газарт цар тахлын халдвар авсан нь батлагдсан билээ.
Цар тахлаас болж тус асрамжийн газрын 88 ахмадаас 10 нь тэнгэрт хальжээ. Харин хараагүй, суумгай болсон 116 настай Систер Андри өвчнийг ажралгүй ялсан байна. Тэрбээр “Би өвчин туссанаа ч мэдээгүй” хэмээн ярилцлага өгсөн байна. Гэгээн Катерин Лабурын нэрэмжит ахмадын асрамжийн газрын төлөөлөгч Дэвид Тавеллагийн хэлснээр Систер Андриг халдвар авсан нь батлагдмагц өрөөнд нь тусгаарлаж, эмчилгээ хийсэн аж. Хэдийгээр Систер Андри бусад ахмадуудтай уулзаж чадалгүй олон хоносон ч бурхандаа залбираад огт ганцаарддаггүй гэжээ.
Тавелла “Тэр эрүүл мэнддээ биш өдөр тутмын хэвшилдээ л хамгийн их санаа зовсон. Тэр надаас бие, эрүүл мэндээ хэрхэхийг биш, өвчнөөс болж хоол, унтлагын цаг өөрчлөгдөх эсэхийг чухалчлан асууж байсан. Систер Андри үнэхээр өвчнөөс огт айхгүй байсан” хэмээн дурсчээ. Өнөөдөр түүний 117 насны төрсөн өдөр тохиож байгаа. Тиймээс цар тахлыг ялсныхаа давхар баярыг асрамжийн газрын найзуудтайгаа цомхон хүрээнд тэмдэглэж байгаа гэнэ. Ийнхүү Рандон амьд яваа насандаа хоёр ч дайн, хоёр ч тахал үзэж туулсан хүн болов.
Тэрбээр дэлхийн хоёр дахь хамгийн хөгшин, Европын одоо амьд сэрүүн буй хамгийн хөгшин хүн юм. Харин дэлхийн хамгийн хөгшин хүн бол Японы Кани Танака юм. Танака нэгдүгээр сарын 2-нд 118 нас хүрсэн билээ.