Өнөөдөр битүүний өдөр. Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авдаг. Энэ орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрд түгээж явдаг Балданлхам бурхны унааг услахыг бэлгэддэг. Тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавина. Буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн буруу бүслүүртээ харгана хавчуулдаг ёсон бий.
Заншил ёсоор битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж, “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж эрүүг нь зааснаар битүүг эхлүүлдэг байна. Ингээд шинэ оноо элбэг дэлбэг угтаж буйг бэлгэшээн битүүний бууз, идээ цагааг битүүртлээ иддэг учиртай ажээ.
Битүүний орой алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, хорол зэндмэнэ эвлүүлж тоглодог. Мөн дөрвөн бэрх буулгах, морь тэмээ уралдуулж тоглох нь малын тоо толгойгоо өсгөх, таван хошуу малаа хайрлан хүндэлж байгаагийн нэг илрэл ажээ. Дөрвөн бэрх буухад “мал малын захтай” хэмээн бэлгэшээдэгтэй холбоотой ажээ.
Доктор, профессор С.Дулам: “Битүүн” гэдэг бол миний судалснаар ан агнуурын соёлын үеэс буюу цагаан сараас өмнө тэмдэглэдэг байсан хувь сарын ой дурсамж. Өөрөөр хэлбэл их махан тайлга хийдэг, шүүс идээгээр голлон аж төрж байсан ан агнуурын соёлын үеийн үлдэц гэж болно. Насныхаа эрэмбээр мал амьтны эрхтнүүд оноосон эзэнтэй байсан. Жишээ нь, эрэгтэй хүнд өвчүү өгч болохгүй. Өвчүү гэдэг бол эмэгтэй хүний, хатан хүний хоол шүү дээ. Дал дөрвөн өндрийг нагацын зоог, зээ нь нагацынхаа дэргэд дал барьж болохгүй гэх мэт ураг эшийн утгатай. Тийм болохоор битүүнд “битүүлэг зөрүүлнэ” гэж их ёс байсан. Үүнтэйгээ уялдаад битүүлнэ гэдэг маань өөрөө гурван утгатай. Цагийн хувьд нэг бүтэн жил эргээд жилийн шувтарга болж байна. Дээр нь тэр шөнө тэнгэрт сар гарахгүй, харанхуй битүү болж байна. Мөн энэ өдөр битүү хоол буюу шүүс идээ, битүүлэг голдуу зооглодог. Түүнчлэн тэр орой ширээ болоод ширдэгний олон бэлгэдэлтэй тоглоомоор тоглоно. Хорол, үүчүүр, зэндмэнэ, төгс жаргалан мэтийн гэр барьдаг тоглоомууд бол ширээний тоглоом. Шагай голдуухан ширдэгний тоглоом"
Энэ үдэш үүдний тотгон дээр мөс, будаа тавьдаг нарийн учиртай бөгөөд мөс нь Лхам бурхны хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчдөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Мөн шар, цагаан аль ч будаа тавьж болох гэнэ. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой ажээ.
Битүүний өдөр цээрлэх зан үйл
Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.
Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.
Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.
Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.
Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.