Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд хүрсэн Covid-19 халдвараас сэргийлэх, энэхүү өвчнөөс хамгаалах ганц найдвар нь вакцин болоод буй. Одоогоор ДЭМБ-аас гурван төрлийн вакцинд хүнд хэрэглэх зөвшөөрөл олгоод байна. Үүнд Pfizer, Moderna, AstraZeneca, гэсэн гурван гол вакцин үйлдвэрлэгдэн гараад буй. Монгол Улсын хувьд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Covid-19-ийн вакциныг жигд түгээх “Ковакс” хөтөлбөрт багтснаар тун удахгүй вакцин авахаар болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тэгвэл эдгээр гурван үйлдвэрийн вакциныг нэгдүгээр сарын 10-нд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн билээ.
Улмаар ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны хоёр сая гаруй иргэнийг вакцинжуулахаар төлөвлөжээ. Тэрнээс өмнө вакцинуудаа татан авах ажиллагааг зохион байгуулах юм.
Нэн тэргүүнд 300 мянган тун вакциныг эрүүл мэндийн ажилчид, суурь өвчтэй, ахмад настнуудыг вакцинжуулахаар Монгол Улсын засгийн газар БНХАУ, ОХУ, Энэтхэг, Япон улсуудын Засгийн газартай хамтарч ажиллаж буй. Вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэр манай улсад байдаггүй учраас Covid-19 халдварын дархлаажуулалтын үеэр иргэдээ вакцины бүртгэлийн дэвтэртэй болгоход анхаарч ажиллаж байгаа аж.
Эрдэмтдийн хэлж буйгаар халдвар авахад 100 хувь нас барна гэсэн үг биш бөгөөд хамгийн эрсдэлтэй хүмүүс нь архаг суурь өвчтэй, өндөр настнууд юм. Харин айл бүрт өндөр настай, суурь өвчтэй зэрэг эмзэг мэдрэг хүн бий гэдгийг тодотгож байна.