УОК-оос хөл хорионы талаар мэдээлэл хийж байна.
Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Засгийн газрын тогтоолоор 14 төрлийн байгууллага ажиллана. Ингэхдээ тус байгууллагуудыг задгай тавих биш, хэрэв задгай тавьбал өмнөх алдаагаа давтана.
Томоохон зах худалдааны төвүүд өөрсдөө 2 сарын 11-16-н хүртэл амарна гэдэг мэдээллээ өгсөн. 8 нэрийн барааны дэлгүүр маргаашийн 06:00 цагаас өмнө нөөцөө бүрдүүлж ажиллана. Энэ хугацаанд бараа татан авалт гэж байхгүй. Тэр орчиндоо богино зайд ажиллана.
Нийтийн тээврээр иргэд зорчихгүй. Тандалт судалгаа болон хорио цээрийн хамгаалалтад ажиллах албан хаагчид нийтийн тээврийн хэрэгслээр зорчино.
Нийслэлийн хэмжээнд энэ өдрүүдэд нийтийн тээврийн 130 автобус ажиллана. Төрийн байгууллагууд тусгай томилогдсон 68 автобус тээвэрлэлтэд ажиллана.
Цахилгаан, дулаан хангамжийн чиглэлээр ажиллах байгууллагууд битүүнээс эхлэн 72 цагийн хугацаанд бүлгийн зохион байгуулалтаар ажиллана. Ямар ч ажил үйлчилгээтэй байсан хувийн тэрэг явахгүй. Яаралтай эмнэлэг, гачигдалтай тохиолдолд хувийн тэргээр явна.
Хөдөлгөөнийг теле хяналтын камер болон дрон нисгэж хянана. Хамгаалалтад ажиллаж байгаа төрийн албан хаагч 24 цагаар 8/8/8 цагаар ажиллана.
Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөн маргааш өглөөний 06.00 цагт бүрэн хаагдана. Энэ хугацаанд гачигдал гомдолтой хүмүүс УОК-ын цахим хуудсанд мэдээлэн шуурхай арга хэмжээ авч ажиллана.
Зайлшгүй эмнэлэгт хандах өөрсдийн машингүй иргэнд нийтийн тээврээр зорчин эхний пост дээр хаашаа ямар шалтгаанаар явж байгаагаа хэлэн дараа дараагийн арга хэмжээг авч ажиллана.
Нийслэлд 15 мянган төрийн албан хаагч ажиллана. 11-ний өглөөний 06:00 цагаас 23-ны өглөөний 06.00 цаг хүртэл иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
"Ковид-19" гэсэн ханцуйн тэмдэгтэй төрийн албан хаагчид хяналт тавьж ажиллана.
Цагаан сараар иргэд мөр гаргах, уулан дээр гарах, нар харах гэх мэт бүх ажлыг бүрэн зогсоож байгаа.