Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр эцэслэн шийдвэрлэв.
2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжив. Энэ хугацаанд нийслэлээс гарах, орох зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийн хөдөлгөөнийг 90 хүртэл хувь бууруулна. Мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хоногт 35-40 мянган хүнийг шинжилгээнд хамруулах юм. Өмнө нь хязгаарлалт тогтоох үед гарч байсан алдаа дутагдлаа давтахгүй, иргэдийг чирэгдүүлж, бухимдуулахгүй байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад онцгойлон анхаарууллаа.
Дээрх хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлахгүй байгууллагууд:
- 1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж
- 2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх
- 3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /“УБТЗ” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
- 4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
- 5. УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн Ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
- 6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
- 7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
- 8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
- 9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
- 10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
- 11. Банкны цахим болон автомат тооцооны машин
- 12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
- 13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
- 14. Оршуулга
2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш найм хоногийн хугацаанд батлагдсан тохиолдол олноор нэмэгдсэн нь халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн үг юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх сард эмнэлэгт хэвтэх хүний тоо 3000 хүрч эмнэлгийн ачаалал хэтрэх, халдвар авсан иргэдийн хоёр хувь нь амь насаа алдах, гэрээр эмчлэх хэмжээнд хүрэх эрсдэлтэй гэж Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ.
“Тавантолгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ
СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах зүүн бүсийн үйлдвэр лүү шилжүүлнэ. Долоодугаар сарын 10-ны дотор шилжүүлж, барилгыг нь 10 дугаар сарын 01-ний дотор угсарч дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Баруун бүсийн үйлдвэр нь аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн дунд байрладаг. Түлшний үндсэн түүхий эд /мидлинг/ болох нүүрсний ил овоолго, нунтаг нүүрсний тоосжилтоос болж орчны болон хөрсний бохирдол үүссэн байна. Бохирдолтой бүсэд 639 айл өрх, 27 аж ахуйн нэгж, байгууллага байгаа гэсэн судалгаа гарчээ. Үйлдвэрийг нүүлгэн шилжүүлсний дараа нөхөн сэргээлт хийж бохирдлыг арилган барилга, байгууламжийг нь түлшний нөөцийн агуулах хэлбэрээр ашиглах юм.