ДЭМБ-ын шинжээчид коронавирусийн уг гарвалыг шинжлэн судлахаар Уханьд ажиллаж байгаа. Тэд вирусийг тус хотод байх вирусологийн лабораториос алдагдсан гэх таамаглалыг үгүйсгэсэн талаар ВВС агентлаг мэдээллээ. Шинжээчдийн ахлагч Питер ван Эмбарек дээрх таамаглал нь үнэн байх магадлал маш бага гэж мэдэгдсэн байна Түүний хэлснээр, нэгэнт лабораториос алдагдсан гэх таамаглал шалгалтын явцад үгүйсгэгдэж байгаа учраас вирусийн гарвалыг олох ажилд нэмэлт судалгаа шаардлагатай болжээ.
Эрдэмтэд шинэ коронавирусийн гарал үүслийг дөрвөн хувилбараар судалж байгаа аж. Үүнд, зэрлэгээс амьтнаас хүнд шууд халдварлах, зуучлагч буюу гуравдагч амьтнаар дамжин халдварлах, хөлдөөсөн хоол хүнсээр халдварлах, лабораториос алдагдсан гэсэн дөрвөн хувилбарыг судлах зорилт тавьжээ.
Тэгвэл эрдэмтэн судлаачдын мэдээлж байгаагаар Уханы хүнсний захад дүн шинжилгээ хийсэн эхний тайлан дээр үндэслэн "COVID-19"-ийн халдвар лабораториос алдагдсан гэх хувилбар магадлал бага гарсан учраас үүнтэй холбогдуулан судлаачид дээрх хувилбарыг судалгааны ажлаас хасаж буйгаа мэдэгдлээ.
Эрдэмтэд одоо Ухань дахь ажлаа дуусч байгаа бөгөөд цаашид судалгаа БНХАУ-аас хальж Зүүн Өмнөд Азид төвлөрөх магадлалтай болжээ.