Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос хоёрдугаар сарын 10-нд шилжих шөнө буюу 00:00 цагт Улаанбаатар хотоос бусдын шинжилгээний бичгээр тус аймагт ирсэн иргэнээс Covid-19 халдвар илэрсэн талаар мэдээлэл хийлээ. Тус иргэнийг Сэлэнгэ аймагт ирэх үед нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил “УОК-оос нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гарсан учраас аймгийнхаа иргэдийг татах ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатараас зорчигч тээвэрлэсэн хоёр автобус өнөөдөр ирсэн. Дээрх иргэд хэдийгээр нийслэлд PCR шинжилгээ өгөөд ирж байгаа боловч сумын төвийн спортын ордонд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авч байгаа. Энэ явцад иргэн А-ийн хариу эерэг гарсан. Шалгалтын явцад тухайн иргэн нийслэлд PCR шинжилгээ өгчихөөд хариугаа авалгүйгээр найз болох иргэн Э-ийн бичиг баримтыг ашиглан автобусанд суусан байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд өгсөн шинжилгээний хариу нь халдвартай гарсан байхад хариугаа авалгүйгээр орон нутагт ирсэн гэсэн үг. Тус иргэнийг ХӨСҮТ-рүү яаралтай буцаасан" хэмээн мэдээллээ.
Тус иргэнтэй 37 хүн нэг автобусанд сууж ирснээс 15 зорчигч нь замдаа өөр, өөр сумдуудад буусан. Эдгээр хүмүүсийг олж сумдуудад нь тусгаарласан.
Сүхбаатар суманд ирсэн иргэдээ халдвартын тасаг болон Сэлэнгэ зочид буудалд тусгаарласан. Хоёр автобусны зорчигчид хоорондоо огт холилдоогүй зөрж таарсан ч нөгөө автобусны зорчигчдыг гэрт нь тусгаарлаж байгаа. Нэг хүний амиа бодсон ухамсаргүй үйлдлээс болж цагаан сараа гэрийхэнтэйгээ тэмдэглэхээр аймагтаа ирсэн олон хүн тусгаарлалтад орчихлоо.