Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 11-ээс 12 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоож, "Нэг хаалга, нэг шинжилгээ" авахтай холбогдуулж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох агентлагийн дарга нар үүрэг чиглэл өгч, бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонслоо.
"Нэг хаалга, нэг шинжилгээ"-нд 420 мянган өрхөөс тус бүр нэг иргэн хамруулахаар төлөвлөж буй. Уг шинжилгээг зохион байгуулахад хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хангаж ажиллах ёстой шүү гэдгийг Нийслэлийн Засаг дарга онцоллоо.
Мөн "Нийслэл нэгдсэн дататай болсноор иргэдийн санал хүсэлтийг авч ажиллах боломж бүрдсэн. Дүүрэг хороон дээр асуудал гарсан тохиолдолд ямар схемээр ажиллах вэ гэдэг датаг ЭМЯ-руу хүргүүлэх ёстой. Интернэтийн хурдны хүчин чадлыг сайжруулахад анхаарах хэрэгтэй.
Хөл хорионы үеэр суурин болон явуулын шинжилгээ авах 210 цэг ажиллах бол 15100 төрийн алба хаагч шинжилгээ авахад бэлэн байгаа. Гэхдээ лабораторийн хүчин чадал дээр санаа зовж байна.
Хүнсний дэлгүүр ажиллахгүй зэрэг ташаа мэдээлэл нь иргэдийг төөрөгдүүлж байна. Тиймээс Call Center, чатбот, Улаанбаатар.мн сайт болон нийслэлийн пэйжээр дамжуулан иргэдэд асар хурдтайгаар, маш ойлгомжтой, энгийнээр мэдээллээ хүргэж ажиллах нь чухал. Дэлгүүр хаахгүй, эмийн сан ажиллана гээд энгийнээр иргэдэд мэдээлэл хүргэх хэрэгтэй.Нийслэлийн онцгой комисс, Улсын онцгой комисс хоёрын хоорондын уялдаа холбоог маш сайн хангаж ажиллах шаардлага байна. Та нар бэлтгэлээ ханга. Албаны хэллэг ерөөсөө хэрэггүй, энгийн ойлгомжтой байдлаар иргэдэд мэдээлэл хүргэ” гэв.