НОК–оос /нийслэлийн онцгой комисс/ хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас 23-ний 06:00 цаг хүртэл хүртэл нийслэлийн хэмжээнд бүх нийтийн хатуу хөл хорио тогтоохоор болсон. Энэ хугацаанд хүнсний худалдааг хаана гэдэг мэдээлэл цахим сүлжээнд цацагдан олон нийт хөл хорионоос урьтаж хүнсээ базаахаар зах худалдааны төвийг зорих нь ихсэв.
Тэгвэл энэ мэдээлэл чухам хаанаас гарч иргэдийг үймүүлэх болов.
УОК–ын ажлын хэсгийн хуралдаан Шадар сайд С.Амарсайханы өрөөнд болж, хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн жагсаалтыг танилцуулсан. Энэ мэдээлэл өчигдөр буюу 16 цагийн өмнө цахимд гарсан. Энэхүү хязгаарлалт тогтоохгүй гэсэн тодотголтой жагсаалтын 7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа багтжээ. Тиймээс хүнсний худалдаа, тээвэрлэлт эдгээр өдрүүдэд үргэлжилнэ.
Гэтэл Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр өчигдөр өөрийн цахим хуудаснаа
"Даваа гараг 14:00. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээний байгууллагууд бүхэлдээ 02 сарын 11-16-ны өдрүүдэд амарч, 16-23-ны өдрүүдэд түгээлтээр хүнсний дэлгүүрүүдийг хангах юм. Арга хэмжээтэй холбоотойгоор төвийн 6 дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн удирдлагуудад танилцуулж зарим үүрэг чиглэлийг өглөө” хэмээн бичжээ.
Үүнээс харахад НОК УОК–той зөрчилдсөн шийдвэр гаргасан болж таарч байна. Мөн өчигдөр НЗАА–наас 16.00 цагт болсон хурлаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр өгсөн мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Үүнд,
Хөл хорио өмнө зарлагдсаны дагуу 2-р сарын 11-с 23-ны өдөр хүртэл 12 хоног үргэлжлэх ба дотроо 2 хэсэгт хуваасан.
1) Эхний хэсэг болох 2-р сарын 11 – 15-ны өдрүүдэд хатуу хөл хорио буюу “0” зогсолт хийнэ.
2) Хатуу хөл хорио тогтоох эхний хугацаанд 2-р сарын 11-ний өглөөний 06:00 цагаас 16-ны өдрийн 06:00 цаг хүртэлхи хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 59 худалдааны төв, 4297 хүнсний дэлгүүр болон бүх хүнсний үйлдвэр, үйлчилгээнүүдийг ажиллуулахгүй. Худалдаа, үйлчилгээний төвүүд 2-р сарын 10-ны оройн 22:00 цагт бүгд хаана.
3) Энэ хугацаанд нийтийн тээвэр үйлчлэхгүй. Хувийн болон байгууллага, ААН–үүдийн машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Зөвхөн онцгой байдал, гал түймэр, түргэн, цагдаа болон УСУГ, УБЦТС шуурхай албаны автомашинууд л хөдөлгөөнд оролцоно.
4) Зогсолтгүй ажиллах шаардлагатай үйлдвэр болон харуул хамгаалалтын ажилтнуудыг ээлж солилцуулахгүй тул зайлшгүй ажиллах шаардлагатай ажилтнууд тухайн 5 хоногийн хугацаанд үйлдвэр болон ажлын байран дээр байрлаж ажиллана. Байгууллагууд зохион байгуулалтаа өөрсдөө хийнэ.
5) 2-р сарын 11-15-нд Улаанбаатар хотод 73 сургуулийн байранд суурин цэгээр болон явуулын 123 хөдөлгөөнт баг айл өрхүүдээр очин шинжилгээ авна. Дүүрэг, хороо бүрээр хуваарилан өдөрт 30k хүнд шинжилгээ хийнэ. Уг шинжилгээний хариунаас шалтгаалж А, Б 2 хувилбарын дагуу халдвар бага тохиолдолд 16-аас хүнсний дэлгүүр болон үйлдвэр, тээвэр түгээлтийн үйл ажиллагааг нээнэ. 16-23-ны хооронд нийтийн тээвэр явахгүй эсвэл цагийн хуваарийн дагуу маршрутаар явахаар төлөвлөгдөж байгаа юм байна. Тухайн хугацаанд уух идэх зүйлс, эм тариа, хүнсний нөөцөө татан аваарай. Мөн хугацаанд бүх төрлийн согтууруулах ундаа худалдаалахгүй” гэжээ.
Тиймээс дүүргүүдийн шуурхай штаб, онцгой комиссоос худалдаа үйлчилгээний байгууллагуудад Нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд 2 сарын 10-ны 22:00 цаг гэхэд хүнсний болон хүнсний бус бүх төрлийн бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний үл ажиллагааг зогсоож 2 сарын 11-16 хүртэл амарна. 2 сарын 16-наас халдвар хамгааллын дэглэмийн дор үйл ажиллагаа явуулж эхэлнэ хэмээн зар тараасаар байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2 сарын 1-нд Шадар сайд С.Амарсайханы хамт ОБЕГ дээр ажилласан. Үүнийхээ дараа Нийслэлийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцахаар Нийслэлийн ЗДТГ-т очсон ч хотын дарга Д.Сумъяабазар, НИТХ–ын дарга Ж.Баясгалан гарч ирээгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НЗДТГ дээр нэг минут гаран саатаад огцом буцсан.
Үүнээс УОК, НОК–ын удирдлагын харилцаа таарамжгүй байгаа нь харагдана. Цар тахлын үед энэ хоёр байгууллага уялдаа холбоотой ажиллахгүй бол хөлд нь иргэд чирэгдээд дуусах нь.
Коронавируийн халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байхад УОК, НОК–ын шийдвэр яв цав таарч байх ёстой. Иргэдийг төөрөгдүүлж, чирэгдэл үүсгэсэн асуудал үүсэхгүй гэж УОК, НОК–ынхон удаа дараа хэлсэн ч өнөөх л хоёр тийшээ харсан мэт шийдвэрүүд ийнхүү ар араасаа хөвөрсөөр. Иргэд УОК, НОК–ын тоглоом биш.
Өөр өөр бодлого шийдвэрээр явах бол тэрийгээ эртхэн нийтэд зарлаач ээ. Нэг бодлого гэчхээд хоёр өөр шийдвэрийг гаргадаг асуудлаа цар тахал дуустал үргэлжлүүлэх үү.
Иргэд хөл хорионы үеэр УОК-ийн шийдвэрийг даган хүнсний үйлчилгээг хязгаарлахгүй гээд гэртээ тайван амар байх уу, НОК-ийн шийдвэрийг даган хүнсээ нөөцлөх үү…