Зам тээврийн дэд сайд асан, “Шилэн” гэдэг тодотголоор нь хүмүүс сайн мэдэх Б.Цогтгэрэл Монголбанкны 300 сая төгрөгийн фитнессийн төхөөрөмж худалдан авах тендерийн мэдээллийг дэлгэсэн талаар бид мэдээлсэн.
Б.Цогтгэрэл “Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь өөртөө зориулж 300 сая төгрөгийн үнэ бүхий фитнессийн тоног төхөөрөмж авахаар тендер зарлажээ. Гүйлтийн зам, Wifi-LCD гүйлтийн зам гэх мэт. Монголчууд талбай дээр цалингүй болоод шатаж үзэж байхад арай тансаг уу!?” хэмээн бичсэн юм.
Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанкны залуучуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй нийгмийн сэтгэл зүйг хөндөж, шантаажны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай, цуцлагдсан шүү” хэмээн бичжээ.
Монголбанк цар тахлын үед төсвийн мөнгөөр 300 сая төгрөгийн фитнессийн төхөөрөмж худалдах авахаар зарлаад байсан тендер ийнхүү цуцлагдлаа.