Өчигдөр Сүхбаатарын талбайд 34 настай эрэгтэй өөр дээрээ шатахуун асгаж шатаан, амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарсан. Талийгч өөрийгөө шатаахаас хэдхэн секундийн өмнө тэр хавиар явж таарсан цагдаа амийг нь аврахаар холоос гүйн очиж гадуур хувцсаа тайлж, галыг нь унтраахаар оролдож буй бичлэг цахим орчинд тархсан. Олон нийт талийгч залуугийн хойноос харуусаж буй. Мөн амийг нь аварч амжаагүй ч өөрөө эрсдлээс үл айсан цагдаа залууг ч сайшааж байгаа юм. Цагдаагийн дэд ахлагч залууг Б.Даваажав гэдэг бөгөөд түүний ээж өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ.
"Хүүгээрээ бахархаж байна. Аварч чадаагүй ч гэсэн хичээсэн. Бензин биш байсан бол аварч болох байсан гэж бодож байна. Бид хоёр уг нь бусдын л адил хүүгээ БНХАУ-д дунд сургуульд сургаж, Монголдоо Их сургуульд сургаж хятад хэлтэй эдийн засагч болгосон. Гэтэл мэргэжлээрээ хэдхэн сар ажиллаад би өөрийнхөө сонирхлоор явъя даа аав ээж хоёр минь гээд цагдаа болсон хүн дээ. Өчнөөн жил сургасан байхад мэргэжлээрээ явсангүй гээд бид хоёр их л дурамжхан байдаг байлаа. Өнөөдрийн үйл явдлыг хараад шатсан хүнд л харамсаж байснаас биш хүүгээ бол үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагч л гэж харж байлаа.Өмнө нь хүний амь аварч л байсан. Энэ удаагийнх олны нүдэн дээр болсоноороо л арай өөр. Бид ч нэг их ч сүртэй юм бодсонгүй. Гэтэл харин орой хүүгээ хиншүү хярвас үнэртүүлээд их гунигтай ороод ирэхэд л хараад өрөвдлөө бас бахархлаа. Цагдаа нар маань үргэлж л үүрэг гүйцэтгэж байдаг. Тэдний ажлын хүндийг ойлгох хэрэгтэй юм байна. Шатаж байгаа хүний хувцсыг тайлах боломж яагаад ч байхгүй юм байна гээд аавтайгаа ярьж сууна. Тэрхэн хооронд бензинтэй хувцсыг нь тайлчихвал ч гэж бодоод амжсан бололтой. Хайран залуу гээд их л харамсаж байна" гэжээ.
2021.02.09 04:41