Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани Хятадын зах зээлээс 36126 машинаа эргүүлэн татаж байгаагаа мэдэгдлээ.
БНХАУ-аас мэдээлж байгаагаар “Model S” загвар буюу 2013 оны есдүгээр сарын 18-наас 2018 оны хоёрдугаар сарын 20 -ны хооронд үйлдвэрлэсэн 20428 суудлын машин, “Model X” загвар буюу 2016 оны гуравдугаар сарын 12-ноос 2018 оны хоёрдугаар сарын 16-ны хооронд үйлдвэрлэсэн 15698 жийп машиныг энэ оны хоёрдугаар сарын 5-наас татаж эхэллээ.
Автомашинд суурилуулсан “eMMC” санах ойн карттай холбоотой асуудлаас болж энэхүү шийдвэрийг гаргасан байна.Учир нь энэхүү карт хуучирсан учир мэдрэгчтэй дэлгэц, арын камер, дохионы гэрэл, халаалтын төхөөрөмжийн ажиллагааг доголдуулж болзошгүй байгаа юм.
“Tesla” өөрийн зардлаар “eMMC” санах ойн картын багтаамжийг 64GB болгож, буцаан татсан машинуудын доголдлыг засах шинэчилсэн программ хангамж суурилуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм.