Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Ерөнхий сайд, Засгийн газарт саналууд хүргүүлсэн байна. Тус саналд “Олон улсын валютын сангийн тооцоолсноор, цар тахлын нөлөөгөөр 2020 онд дэлхийн эдийн засаг 3.5 хувиар, өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг 4.9, хөгжиж байгаа орнуудын эдийн засаг 2.4 хувиар буурах бөгөөд 2021 онд дэлхийн эдийн засаг 5.5 хувь өсөхөөр байна.
2020 оны эцсээр олон улс оронд вирусийн халдварын давлагаа дахин гарснаас дэлхийн эдийн засгийн сэргэлт буурсан хэдий ч олон улсын хэмжээнд хэд хэдэн вакцин зөвшөөрөгдөн, хийж эхэлснээр сайжрах хүлээлт бий болсон. 2021 онд ихэнх улс орнуудын эдийн засаг өсөх хүлээлттэй байгаа ч сэргэх үйл явц өөр хоорондоо ихээхэн ялгаатай байна. Монгол Улсын хувьд эдийн засаг, бизнес ба иргэдийн орлогод үзүүлсэн цар тахлын сөрөг нөлөө, үүссэн байгаа хүндрэлээс гадна цаашид вирусийн халдварын тархалт нэмэгдэх, вакцины нийлүүлэлт саатах зэргээс гарах эрсдэл их байна.
Дэлхийн банкнаас 2021 оны 1 дүгээр сард гаргасан тайланд Монгол улсын эдийн засгийг 2020 онд 5.2 хувиар буурна, 2021 онд 4.З хувь, 2022 онд 5.4 хувь өснө гэж таамагласан байна. Монгол улс 2020 оны эхний 3 улирлын урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ 12.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар буурсан дүнтэй байна. 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 16.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр буюу 6.7 хувиар, гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 12.9 тэрбум ам.доллар болж, 6.4 хувиар буюу 877 сая ам.доллараар буурсан байна.
Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2020 оны 3 дугаар улирлын эцсийн байдлаар 31,193 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,259 сая ам.доллараар өссөн бол гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 435 сая ам.доллар болж өмнөх оны мөн үетэй харьцуулбал 244 сая ам.доллараар буурсан дүнтэй байна.
Дэлхийн банк группийн 1 сарын тайланд дурдсанаар цар тахлын эсрэг бодлогын хариу арга хэмжээ авснаар Зүүн Азийн бүс нутагт төсвийн алдагдал огцом нэмэгдэхэд хүргэсэн бөгөөд нэмэлт санхүүжилтийн хэрэгцээг хангахын тулд хэд хэдэн засгийн газар дотоодын зээлийг ашигласан ба зарим орнууд түүний дотор Монгол Улс гадны санхүүжилтэд илүү түшиглэсэн. Төрөөс гаргасан дэмжлэг болон үйл явц удаан үргэлжилж байгаагаас бүс нутгийн улсын өрийн хэмжээ ойролцоогоор 7 пунктээр нэмэгдэж, Монгол Улсын хувьд ДНБ-ий 60 хувиас дээш түвшинд хүрсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас өнөөгийн нөхцөл байдлыг зөв үнэлэн оновчтой шийдвэр гаргаснаар төр, хувийн хэвшил, иргэд харилцан ойлголцож, итгэлцэж хамтдаа энэхүү хүндрэлийг даван гарч эдийн засгаа сэргээх болно” гэжээ.
МҮХАҮТ-ын зүгээс Засгийн газарт хандан нэн тэргүүнд авч үзэн шийдвэрлэх 7 асуудлаар санал тавьсан байна.