Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн албан хаагч Б.Даваажав өнөөдөр Сүхбаатарын талбай дээр үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн иргэний амийг аврахаар оролдсон ч үйл явдал хурдан болж өнгөрсөн тухай хэллээ. Талийгаач 34 настай, биедээ байсан бичиг баримтаа авч явж байжээ. Тэрээр хувиараа CD борлуулдаг байжээ.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн албан хаагч Б.Даваажав “Өнөөдөр талбай дээр үүрэг гүйцэтгэж байхад талбайн баруун урд талаас хүн орилсон. Харахад сэжиг бүхий байсан учраас шалгахаар очиход буюу тэр хүнээс хоёр алхмын зайтай байхад гал асаад эхэлсэн. Ер нь чадахаараа галыг унтраахаар хичээлээ. Ойр байсан иргэд надад тусалсан. Харамсалтай нь тэр хүний амь насыг аварч чадсангүй. Би гэмтээгүй. Энэ хэрэг маш хурдан хэдхэн секундийн хооронд л болсон. Хэргийн талаар мэргэжлийн хүмүүс та нарт тайлбар өгөх байх. Тэр хүний амь насыг аварчих юмсан л гэж бодсон” гэх тайлбарыг өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Талийгаач 1987 онд төрсөн Э мөн болж таарсан. Тэрээр Чингэлтэй дүүрэгт амьдардаг эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа CD, үнэртүүлэгч борлуулдаг байсан нь урьдчилсан байдлаар тодорхойлогдож байна. Түүнийг хэн болохыг цагдаагийн байгууллага тогтоолоо. Иргэдийн сошиалд бичиж байгаа мэдээлэл нь худлаа болж байна. Мөрдөн шалгах ажиллагаа холбогдох гэрчүүд гээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Бид хэрэгт авагдсан баримтын талаар прокурорын зөвшөөрлөөр нийтэд мэдээлэх ёстой. Хэвлэл мэдээллээр ташаа мэдээллүүд явсан учраас энэ талаар мэдээлж байна” гэлээ.