Эрчим хүчний яамны мэдээллийн цагаар ЭХЗХ-ийн газрын дарга Ц.Атаржаргал эрчим хүчний ачаалал өнгөрсөн сард болон энэ сар гарснаас хойш ямар байгааг танилцууллаа.
Тэрээр “Эрчим хүчний салбарын өнгөрсөн 24 цагийн ачааллын мэдээллээр системийн оргил ачаалал 1186 МВт хүрч ажиллажээ. Энэхүү оргил ачааллын хэрэглээг ОХУ-аас 128 МВт авч хаасан байна.
Өнгөрсөн оны мөн үетэй үүнийг дүйцүүлэн авч үзэхэд 9 хувийн ачааллын өсөлттэй, импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээ 39 хувийн бууралттай байна.
24 цагийн байдлаар энергийн хэмжээгээр нь авч үзвэл 21.1 сая кВт.ц эрчим хүчнийг хэрэглэжээ. Хэрэглээний өсөлт 15 хувийг үзүүлж байгаа. Өнгөрсөн сарын хугацаанд өдөр бүр 15-20 хувийн хэрэглээний өсөлтийг үзүүлжээ.
Хоёрдугаар сарын 1-нд 1253 МВт буюу он гарснаас хойш хамгийн өндөр ачааллыг авч ажилласан байна. Дотоодын эрчим хүчний эх үүсвэрүүд буюу ДЦС-ууд, салхин цахилгаан станцуудаар авч байгаа энергийн ачааллын хэмжээ 90-95 хүрч хэрэглээгээ хааж чаджээ.
Одоо гадна агаар дулаарч, өвлийн оргил ачаалал дуусаж байгаа гэж ойлгож болно.
Цагаан сарын өмнө эрчим хүчний системийн ачаалал ихэсдэг. Энэ долоо хоногт цагаан сар болно. Улаанбаатар хотын дулааны сүлжээ баяр наадмын бэлтгэлийг хангаж ажиллаж байна” гэв.