Улсын онцгой комисс (УОК)-оос орон нутгийн иргэдийг PCR шинжилгээнд хамруулж буцаах ажлыг зохион байгуулж байна. Тодруулбал, Улаанбаатар хотод ирээд гацсан орон нутгийн харьяалалтай иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, Сар шинийн баяраас өмнө нэгдсэн зохион байгуулалттай буцааж эхэлсэн.
Аймаг бүр иргэдээ татан авах ажил зохион байгуулж байгаа бол Дархан-Уул аймгийн онцгой комисс хотоос ирэх иргэдээ хүлээн авахгүй гэсэн шийдвэр гаргажээ.
Ингэхдээ Дархан-Уул аймгаас Улаанбаатар руу хүнс тээвэрлэлт хийх гэж буй жолоочид 24 цагийн PCR шинжилгээтэй байна. Бусад шалтгаанаар Улаанбаатар хотоос ирэх иргэдийг сар шинийн баяр дуустал хүлээж авахгүй. Амь насны заалттай болон буяны ажилтай иргэдийн 24 цагийн PCR шинжилгээг үндэслэн аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр Дархан-Уул аймагт нэвтрүүлэх юм байна.
Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азбаяр "Сар шинийн баяр дуустал хотоос ирэх иргэдийг хүлээн авахгүй гэж хатуу шийдсэн. Харин баярын дараа тодорхой шийдвэрүүд гаргана. Үүнтэй холбоотойгоор хэн нэгэн хүн Улсын онцгой комисс руу, эсвэл 11-11 тусгай дугаар руу залгаад, аймгийн онцгой комиссын шийдвэрийг цуцлуулах, өөрчлүүлэх гэсэн ойлголт байхгүй. Постон дээр ирээд, хэн нэгэн дарга цэрэг рүү ярьдаг асуудлуудаа болиорой" гэх тайлбарыг өгчээ.