ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Халдвар тарсан хязгаар, цар хүрээ улам өргөжиж байна. Тиймээс иргэд голомтын тархалт өндөр байгаа гудамж, талбайгаар болгоомжтой явах хэрэгтэй. Ялангуяа “Монгол шир” компанийн халдвар идэвхтэй үргэлжилж байна. Уг компанийн халдварын тохиолдол 45 байсан бол 54 болж нэмэгдсэн. Гутлын цехээс 32, худалдааны төвөөс 28 тохиолдол болж нэмэгдсэн.
Одоогоор гэр бүл, найз нөхдийн халдварууд тасралтгүй үргэлжилж байна. Нийтийн байранд халдвар тасрахгүй байна. Ер нь нэг халдварын үргэлжлэх хугацаа нэг сар орчим болж байж халдварын голомт тасрах боломжтой.
Батлагдсан тохиолдлуудын 90 орчим хувь нь ойрын хавьтлаас халдвар авч байна. Тухайлбал, 5000 ойрын хавьтлаас 1000 гаруй хүнээс халдвар бүртгэгдэнэ гэдэг нь нийт ойрын хавьтлын бүртгэгдсэн хүмүүсийн 20 хувь нь халдварт өртөж байна. Үүн дотроо 90 гаруй хувь нь ойрын хавьтлынх" хэмээн онцоллоо.
Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахин амны хаалтаа зөв зүүн, гараа байнга ариутган, зай барих арга хэмжээг хэрэгжүүлэн онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг ЭМЯ-наас зөвлөлөө.