Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр тамирчин өчигдөр зуурдаар таалал төгссөн талаар бид мэдээлсэн. Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрээр “Хоёрдугаар сарын 7-ны өдрийн 03:00 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэдэг дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад дуудлага мэдээлэл ирэн тэр даруй цагдаагийн байгууллага дуудлага мэдээллийг нь аван хэргийн газарт ажилласан. Хэргийн газрын үзлэгээр 23 настай Ц гаднын нөлөөтэйгөөр амь насаа алдсан, 20 настай И өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас тус хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Цахим мэдээллийн хэрэгслээр хэргийн талаар олон төрлийн зүйлүүд яригдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссаны дараа нөхцөл байдал тодорхой болдог. Хэргийн талаар худал ташаа мэдээллүүд гарч байна. Харамсалтайгаар хоёр залуу нэг нь анхны үзлэгээр гаднын нөлөөтэй байж болзошгүйгээр нас барсан, нөгөө нь өндрөөс унаж нас барсан байсан. Үүнд тухайн болсон үйл явдлыг тодруулах мөрдөн шалгах ажиллагаа явагдана. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдаж байгаа нотлох баримт, мэдээллийг бид хэлэх боломжгүй, хуулиараа хориотой. Иргэд олон нийт хэргийн талаар буруу ташаа мэдээлэл олон нийтийн хэрэгслээр гаргахгүй байхыг хүсье. Хэргийг цагдаагийн байгууллагад шалгах хуулийн хугацаанд нь шийдвэрлэнэ” хэмээх тайлбарыг өглөө.
Зуурдаар амь насаа алдсан хоёр тамирчны гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.