Мьянмарын төв хот Янгонд 1000 гаруй хүн жагсаж, хоёр дахь өдрөө эсэргүүцлийн жагсаал хийж байгаа талаар ВВС мэдээллээ.
"Бид ардчиллыг олж авах хүртлээ урагшилж, шаардлагаа үргэлжлүүлэх болно" гэж 37 настай Мио Вин AFP мэдээллийн агентлагт хэлжээ.
Янгоны их сургуулийн ойролцоох гудамжинд зэвсэглэсэн цагдаа нар ачааны машинтай байрлажээ.
Бямба гарагт цэргийнхэн тус улсын интернэт холболтыг хаасан. Түүнчлэн ням гарагийн өглөө Мавламин, Мандалайд жижиг жагсаал цуглаан болсон байна.
Тус улсад даваа гаригт төрийн эргэлт болсноос хойш түлхэгдэн унасан эрх баригч намынхан гагц фэйсбүүк ашиглан гадаад ертөнцөд мэдээ, мэдээлэл хүргэж байсан юм.
Цэргийнхэн Аун Сан Су Чиг дамжуулах төхөөрөмж хууль бусаар эзэмшиж байсан гэж буруутгасан бол Ерөнхийлөгч Мьинийг өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон сонгуулийн үеэр ковид19 цар тахлын хорио цээрийн дэглэмийг зөрсөн хэмээн буруутгаж байгаа.
Удирдагч Ан Сан Су Чи Ерөнхийлөгч Вин Минтын адил гэрийн хорионд хэвээр байгаа талаар мэдээлжээ.