УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар танилцууллаа. Намрын чуулганы хугацаанд Байнгын хороо 11 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцэн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлсэн байна.
Тухайлбал, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлуулсан байна.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар "Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар банк санхүүгийн салбарт маш том шинэчлэл эхэлж буй. Энэ хуульд зааснаар өнөөдрийн байдлаар банкны үйл ажиллагаа эрхэлж байгаа банк 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор хуулийн дагуу компанийн хэлбэрээ өөрчилж, банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компани хэлбэртэй байхаар зохицуулалтуудыг тусгаж өгсөн. Ингэхдээ жижиг хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах үүднээс банкны хувьцаа эзэмших аливаа этгээд, түүний холбогдох этгээдийн хувьд банкны нийт саналын эрхтэй хувьцааны хувь хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан байна. Ингэснээр банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг бууруулах юм" гэлээ.