Зөв ХҮН электорат эвслээс “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг өрнүүлж байгаа талаараа мэдээллээ. “Зөв ХҮН Электорат” эвслээс нэр дэвшигчийг тодруулахад өөрийн саналыг гарган оролцох боломжийг иргэдэд нээлттэй олгож, сонгуулийг сонголттой болгох аж.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг олон нийт, гишүүд, дэмжигчдээсээ нээлттэй санал авч, хуулийн хүрээнд тодруулах бөгөөд нэр дэвшигч Монгол Улсаа талцуулан хагалдаг биш эвлүүлэн нэгтгэдэг, аль нэг нам бүлгийн эрх ашгийг хамгаалагч биш, нийт монголчуудаа төлөөлж чадах, хулгай хийдэггүй, худал ярьдаггүй, нэр цэвэр, хүсэл тэмүүлэл өндөр хүн байх ёстой гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-нд байхаар тогтсон. Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгчөө захиалах эрхийг энэхүү аянаараа олгож байгаа гэв.
Иргэд www.zuvhun.mn веб хуудсаар зочлон, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллавал зохих хүний мэдээллийг илгээх боломжтой бөгөөд хуулийн шаардлага хангасан Монгол Улсын Иргэн хэнийг ч нэр дэвшүүлэхээр саналаа ирүүлж болно гэлээ.
Энэхүү судалгааны үр дүнг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.8-д заасан "хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх"-ийг хориглосон хязгаарлалтын улмаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дуусах хуульд заасан хугацаанаас өмнө нийтэд ил болгохгүй юм байна.