Шадар сайд С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 133 сургууль дээр байрлах коронавирусийн шинжилгээ авч байгаа эрүүл мэндийн төв дээр урьдчилан төлөвлөлгүйгээр очиж, шинжилгээ авч буй нөхцөл байдлын талаар эмнэлгийн ажилтнуудтай санал солилцож, газар дээр нь ажиллалаа.
Уг шинжилгээний төв дээр ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн арга зүйч Шадар сайдад дараах мэдээллийг өглөө. Тэрээр “Иргэд eruul.gerege.mn сайтаас цаг авч үйлчлүүлж байгаа. Шаардлагатай буюу жирэмсэн, хагалгаанд орох гэж байгаа, 75-аас дээш насны өндөр настнуудад шууд шинжилгээ хийдэг. Манайхаар өдөрт 400-500 хүн үйлчлүүлж шинжилгээ хийлгэж байгаа. Шинжилгээний төв дээр 10 хүн ажиллаж байна. Өнөөдрийн шинжилгээ өгөх цаг дууссан, хоёр хоногийн өмнөөс цаг авсан иргэд ирж үйлчлүүлж байна. Амралтын өдөрт төлөвлөгөөт буюу албан байгууллагуудын ажилчдын шинжилгээтэй учраас иргэдэд цаг тараахгүй, ажлын таван өдөр иргэд цаг авч үйлчлүүлж байгаа.
Нэг хүн шинжилгээ өгөхөд 2 минут зарцуулдаг. Цаг авахгүй ажиллахад 800-1000 хүнээс шинжилгээ авч байсан. Коронавирусийн шинжилгээ авах цэгүүд өглөө 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж байна” гэв.
Шадар сайд С.Амарсайхан тус төвийн эрүүл мэндийн ажилтнуудад ажлын байран дээр аюулгүй байдлыг ханган хөл хорионы үеэр хүчин чадлаа нэмэгдүүлэхэд бэлдэх, ажлын орчны ая тухтай байдлыг анхаарч, эрсдэл гарахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг зөвлөлөө.