Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эдийн засаг амаргүй, хүмүүсийн өдөр тутмын хэв маяг амаргүй байна. Гэхдээ бид шалтаг тоочоод бууж өгч болохгүй. Нэгдмэл байх ёстой. Ирэх долоо хоногт цар тахлыг хэрхэн туулах вэ гэдэг төлөвлөгөөг гаргаж, батална. Энэ удаад эрүүл мэнд талаас нь бус эдийн засаг талаасаа хэрхэн даван туулах вэ гэдэг төлөвлөгөөг гаргах болно. Бид хэрхэн амьдралын шинэ хэв маягт орох вэ, зайгаа бариад яаж ажиллах вэ гэдэг талаас нь судалж байна. Математик тооцооллоор долдугаар сарын 11 хүртэл 2-3 удаагийн хөл хорио тогтооно. Шинэ энгийн, идэвхтэй амьдралд шилжихэд технологийн салбар их чухал юм. Төрийн үйлчилгээг яаж хүнд сурталгүй, шат дамжлаггүй, уялдаатай болгох вэ гэдгийн шийдэл бол ердөө л цахим. Энэ шилжилтийг хийх хэрэгтэй" гэж тодотголоо.