Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-д ажиллалаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-ийн удирдлагууд болон ажилтан албан хаагчидтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Уулзалтын эхэнд сайд С.Энхболд Цагаан сарын үеэр хөл хорионы дэглэмийг чангатгаж, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг Улсын онцгой комисс дэмжсэн, өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байгаа зэргийг танилцууллаа. Мөн цар тахалтай нэг жилийн хугацаанд хамгийн их ачаалал авч ажиллаж байгаа тус төвийн эмч, сувилагч, ажиллагсдаар бахархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ нийтдээ 220 гаруй мянган иргэнийг шинжилгээнд хамруулсан байна. Мөн сорьц авах бамбар, хуруу шилний нөөц одоогоор 166 мянга байгаа бөгөөд удахгүй 300 мянгыг нэмэх гэнэ. Ингэснээр шинжилгээний нөөцөд хэсэгтээ санаа зоволтгүй болно. Шинжилгээний хариу өмнө нь 72, 48 цагийн хугацаанд гардаг байсан бол одоо ажиллаж байгаа гурван лабораторийн нэг нь хамгийн уртдаа 31 цаг , нөгөө хоёр нь 21-23 цагийн дотор гаргаж байгаа аж.
ХӨСҮТ-ийн удирдлага, ажилчид шинжилгээний хариу гарах хугацааг хурдасгахын тулд 24 цаг дотор оруулахаар хичээж байгаа гэдгээ ч илэрхийллээ. Тус төв нь нийтдээ 554 ортой бөгөөд 330 ор нь халдварын өвчлөлтэй хүмүүсийг хэвтэн эмчлүүлдэг байна. Одоогоор тус эмнэлэгт 222 иргэн байгаагаас 208 нь шинжилгээний хариу нь батлагдсан өвчтөнүүд байгаа бол 14 нь сэжигтэй тохиолдол гэдгийг Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг энэ үеэр хэлэв. Мөн тэрээр Эрүүл мэндийн сайдад хүнд өвчтөн тээвэрлэх бүрэн тоноглогдсон гурван автомашин хэрэгтэй байгааг уламжилсан юм. Харин энэ тал дээр салбарын сайд бүх талаар дэмжихээ амласан юм.
Ноднин жилийн арваннэгдүгээр сараас эхлэн тус эмнэлгийн лабораторийн ажилчдын ачаалал эрс ихэссэн бөгөөд 24 цагаар тулж ажиллажээ. Тиймээс энэ сарын 01-нээс 10-ны өдрийг хүртэл ажилчдаа амраах зорилгоор 24 цаг гараад 48 цаг амардаг байдлаар ажлыг нь зохицуулсан байна. Харин хөл хориог чангатгаад өрх бүрээс шинжилгээ аваад эхлэхээр ажлын цагийг нь буцаад 24:24 болгох ажээ.
Эрүүл мэндийн яамны зүгээс тус эмнэлгийг 400 ор бэлдэх шаардлагатай гэсэн тул Элэгний тасгаа бэлдсэн бөгөөд өрх бүрээс шинжилгээ авахаар өвчлөл ихэснэ гэж тооцоолон бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хувьд Хүчилтөрөгчийн үйлдвэртэй болох нэн шаардлага байгаа учраас энэ ажлыг шийдвэрлэхээр болж өмнөх сайдын үед Ажлын хэсэг байгуулагдсаныг одоогийн сайд үргэлжлүүлэн ажиллуулж байгаа гэнэ. Үүн дээр салбар хариуцсан сайдын хувьд анхаарч ажиллана гэдгээ С.Энхболд сайд илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд тэрээр “Цар тахлын хоёр дахь давлагаа үүсэх магадлал бий энэ цаг үед та бүхний ажлын хариуцлага маш чухал. Хүнд хэцүү цаг үед та бүхэн минь маш сайн ажиллаж байгаа. Эмч, сувилагч, асрагч, ажилтан, албан хаагчид та бүхнээрээ бахархаж байна. Бүх нийтийг вакцинжуулах ажилд жижиг гэлтгүй бүх зүйлийг бэлдэх хэрэгтэй. Бид бүхэн хамтарч ажиллаж байж үүнийг даван гарна” хэмээн хэлсэн юм.