Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар хяналт шалгалтаа улам чангатгахыг эрүүл мэнд, онцгой байдал, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын дарга нарт даалгав. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед шийдвэр зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр нь арга хэмжээ авч байхыг үүрэг болголоо. Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр захирамж гаргасан байна.
Энэ дагуу:
– Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
– Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга
– Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
– Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/
– Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
– Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
– Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар
– Банк
– Оршуулга
– Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт
– Шүүх, прокурор
– Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
– Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/-ууд хэвийн горимоор ажиллах юм. Дээрх байгууллагуудын ажилтан, албан хаагчид ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ заавал авч явах бөгөөд жагсаалтад багтаагүй байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг Улсын онцгой комисс анхаарууллаа. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга зөвлөж, зайлшгүй шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд уриалжээ. Нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчилнэ. Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр/ 07:00-21:00, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний зах 06.00-19.00 цаг хүртэл ажиллана, гэхдээ согтууруулах ундаа худалдахгүй юм. Хот руу орох автотээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээлттэй, харин гарахыг хориглосон шийдвэр хэвээр байна. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд 58 тээврийн хэрэгслээр 1464 зорчигч явж байсан бөгөөд Улиастай-Улаанбаатар чиглэлийн 13 зорчигчтой тээврийн хэрэгсэл 13:50 цагт Улаанбаатар хотод ирснээр хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг зогсоожээ.