Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар нар МХЕГ-т ажиллалаа.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62, 2020 оны 189 дүгээр тогтоолын хүрээнд хийж буй хяналт шалгалтын ажил, Коронавируст халдвар /Ковид19/-с урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар болон бусад асуудлаар мэдээлэл сонсов.
МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга Covid-19-өөс урьдчилан сэргийлэх ажил, агаарын бохирдол, “Дижитал шилжилт-хэрэглэгчтэй хамтарсан хяналт” төсөл болон ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа зэрэг тулгамдсан асуудлаар мэдээлэл хийв. Тэрээр цар тахлын үед Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг зөвлөн туслах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого баримтлан хийж байгааг онцолсон. Улсын хэмжээнд 15 боомтод 485 улсын байцаагч, 121 ариутгагч, лабораторийн шинжээч, албан хаагч ажиллаж байгаа бөгөөд манай улсад бүртгэгдсэн “Ковид-19”-ийн тохиолдлуудын 40 гаруй хувь нь зөвхөн Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн иргэдээс илэрсэн тул хойд хилийн боомтуудын хяналтыг чангатгах арга хэмжээ авч байгаа гэв. Улмаар зарим боомтууд дахь тусгаарлах байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, мэргэжлийн хяналтын байгууллагад хууль эрх зүйн орчны өөрчлөлт болон дижитал шилжилтийн ажлыг эхлүүлснээ танилцуулав. 2020 оноос эхлэн дөрвөн үе шаттайгаар хэрэгжих “Дижитал шилжилт-хэрэглэгчийн хяналт” төсөл нь иргэд, хэрэглэгчдийн төрөөс авч буй үйлчилгээг энгийн, шуурхай байдлаар хүргэх, тэдний оролцоотой хяналт шалгалтын механизмыг бий болгох зорилготой аж. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ч мэргэжлийн хяналтын байгууллага онцгой анхаарч буйг дурдав.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нэгэн үе энэ байгууллагыг удирдаж байсан хүний хувьд би та нөхдийн жаргал зовлонг сайн мэднэ. Шалгуулж байгаа, алдаа гаргасан хүн түүнийгээ хүлээх дургүй байдаг. Гэсэн ч та бүхэн мэргэжлийн бай, муу хэлэгдэхээс бүү ай. Дижитал шилжилт зэрэг шинэтгэлийн ажлууд эхлүүлж байгаад талархаж байна. Төр байгаа цагт хяналт шалгалт байна. Та бүхнийг хуулиас дээгүүр гишгэх гэсэнтэй нь хариуцлага тооцож чаддаг, хичээж яваад нь зөвлөн туслах анд нөхөр нь болж чаддаг, хатуу зөөлөн аргыг хавсран хэрэглэдэг байгууллага байгаасай гэж хүсэж байна” гээд ковидын халдварыг дотооддоо алдахгүй байх, агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг, цар тахлын хүнд үед аж ахуйн нэгж байгууллагуудыг хуулийн хүрээнд дэмжин ажиллах бодлого баримтлахыг үүрэг болголоо.
Өнөөдрийн байдлаар МХЕГ, 21 аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, байнгын үйл ажиллагаатай 26 хилийн боомт, 16 гүний терминалд 26 хяналтын чиглэлийн 2200 улсын байцаагч 105 хууль, 4400 стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид 2020 оны нэгдүгээр сарын 06-аас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хилээр нэвтэрсэн 330 гаруй мянган тээврийн хэрэгсэл, 500 орчим мянган зорчигчид хяналт, эрүүл мэндийн тандалтыг хийж, 21353 зорчигчийг тусгаарлах байранд шилжүүлэн, халдварын сэжигтэй 100 орчим гадаадын иргэнийг холбогдох байгууллагатай хамтран тухайн орон руу нь буцаажээ. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг зөрчсөн 109 зөрчлийг илрүүлэн, 716 тонн түүхий нүүрсийг журамласан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.