Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Үнэртний сонирхогч Н.Орчлонгийн өөрийн цахим хуудсанд хуваалцсан Хорвоогийн хамгийн заваан сүрчигний талаар бичсэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.
Тэрээр "Найзуудаа би ѳмнѳ нь одоо зах зээл дээр байгаа үнэртнүүдийн дундаас хамгийн, хамгийн муухай нэг үнэртнийг танилцуулна гэж амласан. Гэхдээ миний танилцуулах гэж буй энэ сүрчиг нь зүгээр нэг чанар муутай, онцгүй үнэртэй сүрчиг биш юм. Энэ сүрчгийг албаар хүний сэжиг хүргэхээр бүтээсэн бѳгѳѳд нэрийг нь "Secretion Magnifique" гэдэг.
Энэхүү сүрчгийг Францад 2006 онд байгуулагдсан "L’État Libre d'Orange" буюу Монголоор орчуулбал “Жүржийн Чөлөөт Улс” гэдэг нэртэй компаниас гаргасан ба үүсгэн байгуулагч Этиэннэ дэ Свардт (Etienne de Swardt) нь туйлын этгээд мэдрэмжтэй нэгэн юм. Тэрээр үнэртэй усны бизнесийн салбарт тогтсон бүхий л хуучин уламжлалыг эвдэж, бүгдийг цоо шинэ сэтгэлгээгээр хийх зорилгоор энэ компаниа байгуулсан байна. Тиймээс ч энэ компани үнэхээр этгээд сонин юманд дуртай хүмүүсийн сонирхол татах зүйл хийдэг.
Жишээ нь энэ "Secretion Magnifique" гэдэг сүрчиг бол нэг талаар туйлын ѳвѳрмѳц боловч үнэхээр энэ хорвоогийн хамгийн сэжгийн, хамгийн заваан үнэртэн юм. Уг нь энэ сүрчиг нь зандан мод, цахилдаг цэцэг гэх мэт ердийн үнэрний ноотуудаас бүтсэн боловч яг нийлбэрээрээ юу гэж хэлэхийн аргагүй сэжгийн үнэр ханхалуулдаг. Этиэннэ дэ Свардт ба түүний хамтран ажилласан мастер Антуан Ли хоёр санаатайгаар энэ сүрчигнээс хүний биеийн бүх л шингэн, ялангуяа хүний цус, хөлс, үрийн шингэний холимог үнэрийг гаргахаар бүтээсэн байна. Энэ үнэртний нэрийг ч гэсэн Монголоор "Гайхалтай Шингэн" гэж орчуулж болохоор. Энэ компанийн сүрчиг болгон ѳѳр ѳѳрийн гэсэн постертэй хамт гардаг ба энэ сүрчигний постер ч гэсэн хүний нүд халтирмаар. (Би бүр ичээд энд хавсаргасангүй, гэхдээ сонирхсон нэг нь интернэтээс сүрчгийн нэрээр нь хайвал амархан олдоно.)
Миний хувьд энэ сүрчгийн тухай сонсоод албаар эрж хайж байж тестэрийг нь олж авсан юм. Тэгээд ёстой галаар наадна гэдэг шиг юм болсон. Би тестэрээс нь хэдхэн дуслыг гаран дээрээ дусаагаад үнэртэхэд эхний хэдэн секунд сүртэй юм мэдэгдэхгүй байх шиг байснаа гэнэт яг нэг тийм бүлээхэн цусны үнэр маш хүчтэй үнэртэж эхэлсэн. Миний дотор тэр дороо л муухай оргиж огиудас хүрсэн тул бушуухан шиг гараа угааж эхлэв. Гэтэл харамсалтай нь энэ сүрчигний үнэр барих чадвар нь дэндүү сайн юм. Би эхлээд савангаар, дараа нь угаалгын нунтагаар угаагаад үнэр нь гардаггүй дээ. Тэгээд би ѳѳртѳѳ байгаа хамгийн хурц, хүчтэй сүрчигнүүдээ гаран дээрээ давхарлаж цацаад ч нэмэргүй нѳгѳѳ цусны үнэр хамар цоргисон хэвээр. Би бүүр сүүлдээ аргаа бараад том алчууранд ѳѳр үнэртэй ус шингээгээд нѳгѳѳ гараа битүү ороогоод, гадуур нь тойруулан скочдож байж л нэг үнэрийг нь дарсан даа. Тэгээд тэр оройдоо нэг гараа орноос унжуулж унтаад маргааш ѳглѳѳ нь алчуураа задлаад үзтэл ашгүй нѳгѳѳ үнэр дарагдсан байлаа.
Сүрчиг гэхээр л бид анхилуун сайхан үнэр тѳсѳѳлдѳг. Гэтэл энэ хамгийн наад захын дүрмийг зѳрчсѳн энэ үнэртэй ус бол яахын аргагүй хорвоогийн хамгийн адгийн муухай сүрчиг юм. Гэхдээ “Жүржийн Чөлөөт Улс” маань мэдээж энэ үнэртнийг борлуулж ашиг олно гэхээсээ илүү тухайн үед дѳнгѳж байгуулагдсан компаний хувьд зах зээлд өөрсдийгөө таниулах гэсэн зар сурталчилгааны арга болгон бүтээсэн биз. Ерѳнхийдѳѳ бол энэ компанийн бусад сүрчигнүүд сайн чанартай байдаг. Учир нь энэ компани нь маш бүтээлч сэтгэлгээ өндөртэй мастеруудаар анхилуун сайхан үнэртэй мөртлөө бусад жирийн үнэртнүүдээс маш өөр, маш ѳвѳрмѳц бүтээл хийлгэдэг онцлогтой юм.
Үнэртэнд дурлагчын хувьд та "Secretion Magnifique" – ийг нэг үнэртээд үзээрэй. Үнэхээр муухай ч гэсэн үнэртний ертѳнцийн бас нэг сонин зүйлийг мэдрүүлсэн, хэзээ ч мартагдхааргүй дурсамжийг танд үлдээнэ гэдэгт итгэлтэй байж болно шүү. Анхаарал тавьсанд баярлалаа" хэмээлээ.