Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай хэлэлцээ хийх Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагчаар томилогджээ.
Тус Ажлын хэсэг өчигдөр "Рио Тинто" компанийн төлөөлөлтэй цахим уулзалт зохион байгуулсан байна.
Уулзалтад "Рио Тинто"-г төлөөлж, тус компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд, "Рио Тинто Монгол" компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Мөнхсүх, "Рио Тинто Монгол" компанийн Дэд захирал Х.Амаржаргал нар оролцжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, "Дубайн гэрээ"-г цуцлах, шинээр байгуулах талаар "Рио Тинто" компанид санал тавьсан тухай мэдэгдсэн. Тэрбээр танхимын бүрэлдэхүүнээ танилцуулахдаа "Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. “Оюутолгой”-н гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш, харин өвтэй үлдэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана" хэмээн онцолсон билээ.