Бид иргэн Л.Одгэрэлтэй холбогдож, гэр бүлд нь үүсээд буй асуудлын талаар тодрууллаа. Тэрээр, "Миний ах 58 настай Л.Жаргалсайхан нь ходоодны хорт хавдар оноштой. ОХУ-ын Улаан Үүд хотод амьдардаг. Сүүлийн хоёр сар бие нь эрс муудаж, Улаан үүдийнхээ эмнэлэгт хандахад хагалгааны өртөг төлбөр өндөр, эх орон уруугаа буц гэж зөвлөсөн. Ингээд хил хаалттай ч Улаан Үүдийн консул хөөцөлдөж, сайн ажилласан учраас өчигдөр буюу 2020/02/02-нд Алтанбулагийн боомтоор эх орондоо ирлээ. Одоо биеийн байдал нь хүнд, цус алдалттай Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Би эмчлэгч эмчтэй нь утсаар холбогдсон. Цус тогтоох тариа зэргийг хийж, бүхий л боломжоороо эмчилж байгаа гэсэн. Хот руу хавдар судлалын үндэсний төв рүү явуулах шаардлагатай гэж эмч нар нь надад хэлсэн. Манай зүгээс УОК -т хандсан ч хариу өгөхгүй байна тиймээс та нар өөрсдөө хөөцөлд гэсэн. Би ЭМЯ, УОК, НОК-т хандсан. УОК-ийн үүдний жижүүр намайг оруулаа ч үгүй. Бид уг нь 1-р сарын 23-ны бямба гарагт шуурхай штабын байрлаж байгаа ЭМЯ-нд орж өргөдөл өгсөн. Өргөдөлдөө ах маань хүнд өвчтэй, ирэхэд нь саадгүй Улаанбаатар руу нэвтрүүлээд эмчлээд өгөөч ээ гэсэн утгатай өргөдөл бичсэн. Гэтэл өргөдлийн хариу одоо хүртэл ч алга. Ахтайгаа би утсаар ярьсан, ямар ч байсан эх орондоо ирлээ. Одоо сайхан амармаар байна гээд байсан. Бидэнд их хүнд байна. Эхнэр нь Улаан -үүддээ үлдсэн. Би энд хотод. Ахын минь хажууд хэн ч байхгүй. Тал талд хөл хорионд хэцүү байна" гэв.
Ийнхүү Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-ийнхөн хоорондоо зөвлөлдөж, өвчтөн Л.Жаргалсайханыг хотруу тээвэрлэх ёстой гэсэн шийдэлд хүрсэн ч УОК хариу өгөхгүй бүтэн өдөр өнгөрчээ. Л.Жаргалсайханы дүү Л.Одгэрэл ах минь үхлийн ирмэгт байна. Бидэнд туслаач хэмээн УОК-т үг дайлаа.
Бид ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр болон ЭМЯ-ны мэргэжилтэн нартай утсаар холбогдож мэдээлэл авсаныг тун удахгүй хүргэнэ.