ШӨХТГ, “Жайка” Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд санал солилцох уулзалт зохион байгууллаа. Уулзалтын эхэнд өрсөлдөөний тухай хуульд гурав дахь удаагаа шинэчилсэн найруулгын өөрчлөлт оруулах гэж байгаа нь компани, ААН-үүд зах зээлд шударгаар өрсөлдөх орчныг бүрдүүлж, өрсөлдөөнийг хамгаалах, дэмжих, өрсөлдөөнийг хязгаарлах үйлдлээс урьдчилан сэргийлж, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын статусыг тодорхойлох зорилготой юм гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ тодотголоо.
Хуулийн төсөлд Монголын зах зээлд нэвтэрч, бизнес эрхлэхэд тулгарч буй өрсөлдөөний орчинтой холбоотой асуудлын талаар, өрсөлдөөний хуулийн шинэчлэлт, цахим арилжааны харилцан хамаарлыг зохицуулах талаар тусгаад байна.
“Жайка” Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико:
Манай байгууллага, ШӨХТГ-тай хамтран 2015-2018 оны хооронд хэрэгжүүлсэн шударга өрсөлдөөнийг сайжруулах төслийн хүрээнд өрсөлдөөний хуулийг шинэчлэн боловсруулахад дэмжлэг үзүүлсэн. Тэрхүү хуулийн төслийг 2020 оны 4 дүгээр сард УИХ-д өргөн барьсан хэдий ч Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор өрсөлдөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслөө хуульд нийцүүлэх шаардлага үүссэн. Иймээс буцааж татаад байна. Шударга өрсөлдөөнийг сайжруулах төслийн хоёр дахь шат 2020 оны нэгдүгээр сараас эхэллээ. Гурван жилийн хугацаанд хэрэгжих төслийн хүрээнд өрсөлдөөний тухай хуулийг дагалдан гарах журмыг боловсруулахад бид дэмжлэг үзүүлнэ. Мөн энэ журам батлагдсаны дараа ШӨХТГ-ын улсын байцаагчид хэрэгжүүлнэ. Тийм учраас тэднийг чадавхжуулахад манай төсөл дэмжлэг үзүүлэх болно.
Өрсөлдөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцох уулзалтад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, орон тооны гишүүн С.Цогтгэрэл, Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Наранцэцэг, “Жайка” Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Япон улсын хөрөнгө оруулалттай компаниудын төлөөлөл оролцлоо.