УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, гишүүд 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Энэ намрын чуулган Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтийн дагуу хамгийн урт чуулсан чуулган боллоо. Төрийн байгуулалтын байнгын хорооноос нийт 13 хууль батлагдаж гарсан. Үүнээс хамгийн том хоёр хуулийн нэг бол Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргаа, удирдлагын нэгжийн тухай гэсэн Үндсэн хуулийн дараа ордог том хууль. Энэ хуулиар хийж байгаа хамгийн том реформ бол орон нутагт эрх мэдэл шилжүүлэх тухай асуудал байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль юм. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай.
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль УИХ-аар батлагдаж гарсан. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай тогтоолыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргалаа. Энэ тогтоолын дагуу шинээр эмхлэн байгуулагдаж байгаа Засгийн газар Хөгжлийн яам байгуулах чиглэлийг өгсөн. Намар Хөгжлийн яам байгуулагдана гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороо Инновацийн байнгын хороотой хамтраад төрийн албаны цахим шилжилт, цахим засаглал е-mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрийн албаны сахилгыг дээшлүүлэх чиглэлээр Төрийн албаны зөвлөлтэй хамтарч хэлэлцүүлгүүд хийсэн.
Мөн цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа 20 мянга гаруй төрийн албан хаагчдын эхний ээлжинд вакцинжуулах асуудлаар ОХУ, Канад, АНУ, Их Британи, Японы улсуудын Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай манай байнгын хорооны гишүүд тодорхой шийдэл гаргах асуудлаар ярилцаж Засгийн газраа дэмжиж ажилласан.