Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын сургуулийн гурван багш нийлж хоёр сурагч охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд Зүүнхараад байх Нарны-Өртөө гэх зочид буудалд Мандал сумын хоёр ЕБС-ийн гурван багш 12 дугаар ангийн хоёр сурагч охиныг дуудаж хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганхуягаас утсаар тодруулахад “Уг хэргийг шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг БСШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас энэ асуудлын талаар тодруулахад “Нэгдүгээр сарын 25-ны шөнө ийм хэрэг гарсан байна. Ийм сэтгэл эмзэглүүлсэн хэрэг гарсанд нийт сурган хүмүүжүүлэгч, багш нарынхаа нэрийн өмнөөс хүлчил өчье. Ёс суртахууны доголдолтой, алдаа дутагдал гаргасан ноцтой гэмт хэрэг гарсан байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр сургуулийн гурван багш нийлж архидан согтуураад 12 дугаар ангийн хоёр сурагчтайгаа хууль бус харьцаанд орсон байж магадгүй гэсэн хэрэг үйлдэгдэж цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа юм байна. Энэ мэдээллийг би дөнгөж сая авлаа. Цагдаа, хуулийн байгууллага тодорхой мэдээлэл өгөх байх” хэмээн хариуллаа.