Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав. Тэрээр “Тавантолгой түлш”, “ДЦС-IV” компани, Эрчим хүчний яам, “Диспетчерийн үндэсний төв” компанид ажиллалаа. Ерөнхий сайд эхлээд “Тавантолгой түлш” компанийн хоёрдугаар үйлдвэрийн шугам, савлагааны хэсэг, шинээр суурилуулсан тоног төхөөрөмж зэрэгтэй танилцав.
Улаанбаатар хотын агаарын бохирдол 80 хувь буурна
“Тавантолгой түлш” ХХК–ийнБаруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 12 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор зургаан шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Нийслэлийн зургаан дүүргийн 71 агуулах болон үйлдвэрт 73 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Харин мидлинг буюу түүхий эдийн нөөц дундын агуулахад 386 мянган тонн, баруун бүсийн үйлдвэрт 32 мянга, зүүн бүсийнхэд 2000 тонн болжээ. “Шахмал түлшний борлуулалтын цэгийн тоо өнгөрсөн онд 400 байсан бол энэ жил 1000 болгоно. Мөн 500 өрхийн дунд нэг байсан цэгийг энэ жил 200 өрхөд нэг байхаар тооцоолж 11 бааз, 550 савлагч ажиллуулна” гэж “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав. Тус компани мөн угаарын хийн хордлогод өртөхөөс сэргийлэх, зуухны стандарт, зөв галлагаа хийхтэй холбоотой сургалт, сурталчилгаа, мэдээллийг иргэдэд хүргэж байна.
Засгийн газрын 2020 оны 35 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд бүтээн байгуулалтын ажлын явц, үйлдвэрийн үндсэн барилга, тоног төхөөрөмжийн угсралт, газар доорх байгууламж, газын бойлер, агуулах, цахилгааны дэд станц, 150 ажилчны амрах байр, нийтийн халуун ус, хоолны газар зэргийн барилгын ажлын явцтай танилцав. Үйлдвэрийг ирэх 11 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд ажил 48 хувьтай байна.
“Тавантолгой түлш” компанийн хамт олон 2018 оноос хойш шахмал түлшний үйлдвэрлэлт, тээвэрлэлт, борлуулалт, нийлүүлэлтийг хариуцан ажиллаж агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэв. Зүүн бүс дэх үйлдвэрийг ашиглалтад оруулснаар агаарын бохирдол 80 хувь буурна, цаашид 2400 гаруй уурын зуухыг сайжруулсан шахмал түлшээр хангах, агаарын чанарын бүсэд орох хороо, дүүргийн тоог нэмэх зэргээр цогц арга хэмжээ авах гэж байгаа тухай хэлэв. Мөн Засгийн газрын зорилтыг дэмжиж сайжруулсан шахмал түлш хэрэглэн агаарын бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулж байгаа иргэдэд талархал илэрхийллээ.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 77 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхий сайд мөн өдөр “ДЦС-IV” компанийн дулааны тоноглолын удирдах шит, ерөнхий удирдах шит, Турбоагергат 2-ын шинэчлэлт, хүчин чадал нэмэгдүүлэх төслийн явц болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав. Төвийн эрчим хүчний 58 хувийг үйлдвэрлэдэг тус компанийн үндсэн тоноглолын их засвар 76, өвөлжилтийн бэлтгэл 67 хувьтай байна. Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулах хүсэлт тавьсныг Ерөнхий сайд хүлээн авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэл өгөв.
Эрчим хүчний салбарынхан засвар, шинэчлэлийн ажлаа ирэх сарын 15-ны дотор дуусгахаар төлөвлөсөн тухай сайд Н.Тавинбэх танилцуулав. Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 75-76 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10-17 хувиар өссөн гэсэн үзүүлэлт юм байна. КОВИД-19 цар тахлаас үүдэн эрчим хүчний хэрэглээ төлөвлөснөөс 6.4 хувиар буюу 43 тэрбум гаруй төгрөгөөр буурсан. Иймээс импортын болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн цахилгаан эрчим хүчний хэмжээ, салбарын төрийн өмчит компаниудын тэвчиж болох зардлыг 9-өөс доошгүй хувиар, цахилгаан, дулааны эрчим хүчний авлагыг 58 хувь буюу 25 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний яамны ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Тэрээр өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Амгалан, Эрдэнэт, Дорнодын станцыг зэргийг барих, өргөтгөх зэрэгт анхаарч байгааг хэлэв. Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, эрүүл хүнс, цемент, гангийн хэрэгцээг дотоодоос хангаж, улмаар экспортод гаргах, дэд бүтэц, мэдээлэл, технологи, харилцаа холбооны салбараа хөгжүүлэх нь улс орны хөгжлийн үндэс гэж үздэгээ хэлэв. Үүнд төрийн бүх байгууллага, ялангуяа эрчим хүчний салбарынхан, төрийн албан хаагчид хувь нэмрээ оруулах учиртайг тэмдэглэв. Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагатай, дэг журамтай байж, хариуцсан ажилдаа эзэн байхыг захилаа. Мөн иргэддээ хүнд сурталгүй үйлчилж, зөвхөн хуулийн хүрээнд ажиллахыг сануулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.