Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагалдан гарах журмын төсөлд оруулах санал сэдвээр “Өглөөний цай” уулзалт боллоо.
Сүүлийн таван жил орчмын хугацаанд энэ хуулийг батлуулахаар мэргэжлийн байгууллагынхан идэвхитэй ажилласны үр дүнд УИХ 2020 оны эхээр Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг баталж, 7 дугаар сарын нэгний өдрөөс тус хууль хэрэгжиж эхэлсэн. Одоо энэ хуулийг дагалдах журам батлагдах учиртай.
Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар журмын төсөлд оруулах дараах саналыг хүргүүлэхээр боллоо.
Үүнд:
1. Тус журмын төслийн 2.3-т олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний үндсэн багцад олон нийтийн болон өргөн нэвтрүүлгийн телевиз заавал багтах ба үйлчилгээ эрхлэгчийн хамрах хүрээнээс хамаарч үндсэн багцад телевизийн сувгуудын дарааллыг заахдаа Монгол улсын нутаг дэвсгэрт хамрах хүрээтэй олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн хувьд тухайн аймгийн нутаг дэвсгэрт нь дамжуулж буй орон нутгийн өргөн нэвтрүүлгийн телевизийг гуравдугаарт байрлуулахаар тусгасан байна. Гэтэл тухайн аймгийн нутаг дэвсгэрт орон нутгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлж байгаа телевиз нь тухайн орон нутгийнхаа мэдээ мэдээлэл, аюул осол гэх мэт цаг үеийн шинжтэй мэдээллийг хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байгаа. Энэ утгаараа тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдэд орон нутгийнхаа мэдээ мэдээллийг нэн тэргүүнд хүлээн авах боломжийг бүрдүүлэх зорилгоор тус журмын төслийн 2.3.1.Б-д Монгол улсын нутаг дэвсгэрт хамрах хүрээтэй олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сувгийн хоёрдугаарт тухайн аймгийн нутаг дэвсгэрт нь дамжуулж буй орон нутгийн өргөн нэвтрүүлгийн телевизийг байрлуулах саналтай байна.
2. Тус журмын төслийн дөрөвдүгээр зүйлд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т заасан үндсэн багцаас өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс тооцох зохицуулалтыг тусгаж, тус харилцааг Монголын телевизүүдийн холбоо, Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн хоорондын гэрээгээр зохицуулахаар заасан байна. Журмын төсөлд телевизүүдийн холбооны авах өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсийг хуульд заасан хэмжээгээр хэрхэн тогтоох үндэслэл, шалгуур үзүүлэлт, мөн тус холбоо төвлөрүүлсэн хөлсийг гишүүддээ хэрхэн хуваарилалт хийх шалгуур, үндэслэлийг тодорхой тусгаагүй байна. Энэ нь телевизүүдийн холбооноос давуу байдлаа ашиглан аль нэг олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийг зах зээлээс шахах, эсхүл аль нэг гишүүддээ давуу байдал олгох зэргээр энэ зах зээлд шударга бус өрсөлдөөн бий болгож мэднэ.
Иймд тус журмын төсөлд аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг хязгаарлах аливаа нөхцөл бий болгохгүй байх, телевизүүдийг шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, телевизүүдийн бэлтгэж байгаа нэвтрүүлэг, контентын чанарыг сайжруулах зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж үйлчилгээний хөлс авах, түүний хуваарилалтыг хийх нарийвчилсан зохицуулалтыг Өрсөлдөөний тухай хуульд нийцүүлэн нэмж тусгах саналыг хүргүүлэх саналтай байна.
“Өглөөний цай” уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, орон тооны гишүүн Н.Бямбадорж, С.Цогтгэрэл, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Монголын телевизүүдийн холбоо, Монголын олон суваг дамжуулагчдын холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.