МУИС, Улаанбаатар их сургуулийн багш нар ШӨХТГ-т хандлаа. Албан бичигт МУИС-ийнхан Монгол улсын их сургууль /МУИС/-ийн нэрийг бусдад андуурагдах байдлаар авч хэрэглэж байгаа Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүслээ.
Монгол улсын их сургууль нь өөрийн нэр болон МУИС гэсэн нэрийн товчлолоор гадаад дотоодод бүрэн танигдсан, дэлхийн 170 их дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран ажилладаг, Монгол улсын тэргүүлэх үндэсний их сургууль юм. Гэтэл МУИС-ийн Монгол болон англи нэршлийг андуурагдах байдлаар МҮИС-ийнхан зориудаар ашиглаж байгаа нь шинээр элсэгчдийн дунд төдийгүй гадаад дотоодын хамтран ажилладаг байгууллага, хүмүүсийн дунд төөрөгдөл үүсгэж, хохирол учруулж байна.
Иймээс Монгол улсын их сургуультай андуурагдахуйц төөрөгдөл үүсгэж, хэрэглэгчид хохирч байгаа зөрчлийг арилгуулахаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж байгаа нь энэ юм байна.
Улаанбаатарын их сургуулийн тухайд асуудал мөн л ижилхэн. Энэ сургууль байгуулагдаад 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа атал Олон улсын Улаанбаатарын их сургууль, Улаанбаатар эрдэм их сургууль гэж ижил нэршилтэй гурван ч их сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь нийгэмд их хэмжээний андуурал, төөрөгдөл үүсгэх болжээ. Иймээс МУИС болон Улаанбаатарын их сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөллөөс ирүүлсэн гомдол, саналын дагуу ШӨХТГ асуудлыг шалгаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхээр ажиллахаар боллоо.