УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй цахим уулзалт хийжээ. Тооцоо судалгаатай, баримт нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор уулзалтыг зохион байгуулж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэлээд Үндэсний статистикийн хорооны “Статистик ба Төрийн их өгөгдөл” ажлыг эрчимжүүлж, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг сануулсан байна.
Төрийн байгууллагууд өөр өөр мэдээлэлтэй, тус тусдаа мэдээллийн сантайн улмаас төрийн зарим шийдвэрүүд зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгааг халамжийн шийдвэрүүдээс харж болохоор байна гэдгийг УИХ-ын дарга онцолжээ. Тухайлбал, хүнсний талон авч буй иргэдийн 30 гаруй хувь нь өөрийн эзэмшлийн автомашинтай, 4.4 хувь нь малтай байсан зэрэг бодит баримтыг дурдсан байна.
Дараа нь Үндэсний статистикийн хороооны дарга Б.Батдаваа танилцуулга хийжээ. Тэрээр "Одоогийн статистикийн үйл ажиллагаа нь уламжлалт арга буюу батлагдсан маягтаар мэдээлэл цуглуулж, сан бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ нь хугацаа алдах, мэдээллийн ач холбогдол буурах, тусгайлсан үр дүнг боловсруулах боломж хязгаарлагдмал, хувь хүний хүчин зүйлэээс хамаарал ихтэй зэрэг дутагдалтай. Иймээс статистикийн хуучин хэв маягийг халж, төрийн байгууллагууд, яам, агентлагууд дээр байгаа мэдээллүүдийг нэгтгэх, холбох ажлыг нэн түрүүнд хийхээр төлөвлөж байгаа" гэжээ.