Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар, тэр дундаа Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоонд шинэчлэлт хийсэн талаар мэдээллээ.
Мэдээллийн эхэнд тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг ээлжит чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцууллаа. Тухайлбал тус байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоонд шинэчлэлт хийгээд байна.
Хөнгөлөлттэй үнэтэй эмийг өмнө нь цөөхөн эмийн сангаар худалдаалдаг байсан бол хуулийн заалт хэрэгжиж эхэлснээр Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан бүх эмийн сангаас сарын бүх өдрүүдэд авах боломжийг 2020 оны арваннэгдүгээр сарын 01-нээс бүрдүүлсэн.
141 нэр төрлийн 541 нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр хэрэгжиж, бүх шатны эмнэлгийн байгууллагын эмч нар иргэний харъяалал харгалзахгүйгээр хөнгөлөлттэй эмийн жорыг бичин, цар тахлын үед иргэд заавал нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэлгүйгээр өмнө нь бичигдсэн оношийн дагуу хөнгөлөлттэй эмээ бичүүлэн авдаг болсон нь эмийн хөнгөлөлт иргэдэд хүртээмжтэй, төвөггүй хүрэх тогтолцоо бүрдсэний илрэл гэж Байнгын хорооны дарга онцлов.
Түүнчлэн, Эмийн бие даасан агентлаг байгуулагдсанаар үндэсний үйлдвэрлэгчдийн болон импортын эмийн чанар, бүртгэлийг хянаж чанартай эмийг хүртээмжтэй хүргэх эрх зүйн орчин бий болсон, өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийг 100 хувь даатгалын сангаас хариуцдаг болсон, эрүүл мэндийн даатгалтай иргэн Даатгалын сантай гэрээ байгуулсан улсын болон хувийн хэвшлийн аль ч эмнэлгийг сонгон бүх төрлийн тусламж, үйлчилгээ авах хуулийн заалт 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж байгааг мэдээллээ. Ингэснээр эмнэлгүүд чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болж хүнээ дагасан эрүүл мэндийн тогтолцоо бүрдэн, үүнийг дагаад улсын эмнэлгийн ачаалал, хүнд суртал эрс буурах юм байна.
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ажил үүргээ гүйцэтгэх явцад халдвар авсан албан хаагчид буцалтгүй тусламж үзүүлэх, эрүүл мэндийн даатгалд тэргүүн ээлжид хамруулах, иргэдээ гадаадаас татан авах явцад нислэг гэнэт цуцлагдсан үед орон байр, хүнсгүй болсон иргэдийн наад захын хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах зэрэг өөрчлөлтүүд хэрэгжиж эхлээд байгааг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурьдав.
Хэвлэлийн бага хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын хуулийн шинэчлэлийг 2021 онд үргэлжлүүлэн, өргөн хүрээтэй, томоохон шинэчлэлүүд хийх талаар мэдээлэл өгсөн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг 2021 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудал, тэр дундаа тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт оруулах нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэхээр бэлэн болоод байгаа талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн, өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 21 аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн захирал, удирдах ажилтнуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлгийн үр дүнд эрэлттэй мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд анхаарах чиглэлийг гарган ХНХЯ-д өгсөн талаар болон ирэх хаврын чуулганаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй холбоотой хуулийн төсөл хэлэлцэх талаар Байнгын хорооны дарга мэдээлэл өгөв.
2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл, Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний тухай хуулийн төсөл зэрэг томоохон хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.