Австралийн баруун эрэгт 7000 гаруй га талбайг хамарсан ой хээрийн түймэр дэгдэн орон сууцны хорооллууд руу ойртож эхэлсэн тухай BBC агентлаг мэдээллээ.
Баруун Австрали мужийн засаг захиргааны төв Перт хотоос зүүн хойд зүгт 40 км зайтай газар орших Сван хотын орон сууцны 30 орчим барилга түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас 400 орчим хүн гэр орноо орхиж, Баруун Австрали мужийн нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байрлажээ.
Хотын дарга Кевин Бейлигийн хэлснээр олон арван хүн яаралтай нүүлгэн шилжүүлэх төв рүү явж байгаа бол зарим нь гэртээ үлдэхийг илүүд үзэж байна. Ковидын хязгаарлалтын дэглэм үргэлжилж байгаа тул иргэд ийм сонголт хийж байна гэлээ.
Бүс нутгийн түймэртэй тэмцэх албанаас мэдээлснээр, түймрийг унтраахад 300 гаруй гал сөнөөгчид дайчлагдан ажиллаж байгаа хэдий ч хүчтэй салхины улмаас гал түймэр хүрээгээ тэлсээр байгааг анхаарууллаа.